ТИТЭМ ВИРУС: Далайд гацсан өөр нэг онгоцыг Камбожи хүлээн авлаа
2020-02-14

 

Замдаа хоёр долоо хоногийг туулж, таван удаа зогсохоос татгалзсан хариу авсан Westerdam хөлөг онгоцныхон удаан хүлээсэн эрх чөлөөгөө угтав. Хөлөг онгоцны зорчигчид боомт дээр хөл тавьж, Камбожи улсын Ерөнхий сайд тэднийг цэцэг барин биечлэн угтжээ. 

 

Энэ хөлөг онгоцон дээр титэм вирусийн халдварын сэжигтэй хүн байж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас Westerdam онгоц долоо хоногийн өмнөөс олон нийтийн анхаарлыг татсан юм. Өөр нэг хөлөг онгоц болон Даймонд Принцесс дээр өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байсан нь нөхцөл байдлыг бүр дордуулав.  Westerdam онгоцон дэээр халдвартай хүн байхгүй гэж хариуцагч компани нь мэдэгдсэн ч Япон, Филиппин, Гуам, Таиланд  болон Тайвань зогсоолдоо хүлээн авахаас татгалзсан юм. Ингээд л яг л дүрвэгчдийг тээсэн онгоц мэт далай дундуур нааш цааш хөвөх болов.

 

Гэвч зорчигчид уйдсангүй. Хөвөгч хотод тав тухыг бүрэн хангаж, тоглолтын танхим, казино, фитнес, спа, сагсан бөмбөгийн талбай гээд хүн зугаацах хүн энд байх аж. Гэхдээ ямар ч тухтай нөхцөлд байлаа ч хөлөг онгоцыг орхиж болохгүй гэж бодохоор хэнд ч таатай санагдахгүй.

 

"Хөлөг онгоцон дээр маш сайхан байсан. Бид яг л алтан торонд орсон мэт" хэмээн нэгэн зорчигч өгүүлжээ.

 

Энэ хөлөг онгоц хоёрдугаар сарын нэгний өдөр Хонконгоос хөдөлж, хоёр долоо хоногийн аяллын нөөцтэй байжээ. Ингээд аялал дуусах үеэр хүнс, түлш дуусах вий гэж экипаж болон зорчигчид санаа зовниж байв. Мөн энэ хугацаанд таван ч улс тэднийг хүлээж авахаас татгалзсан тул зорчигчид байдал эергээр эргэнэ гэдэгт тэр бүр итгэлгүй байжээ.

 

Харин гэнэт л Камбожи улс хүлээн авахыг зөвшөөрөв. Гэхдээ бүх зорчигчийг шалгах нөхцөлтэйгээр. Ингээд бага ч гэсэн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг нисдэг тэргээр лаборатори руу хүргэжээ. Азаар халдварын тохиолдол илэрсэнгүй.

 

Ингээд 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө Камбожийн Засгийн газар хөлөг онгоцыг зорчигчдоо буулгахыг зөвшөөрөв. Гэхдээ бүх зорчигчид төрсөн нутгаа зорьж чадахгүй. Тусгай захиалгын нислэг хэзээ болох нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим зорчигчид нислэгийн талаарх мэдээллийг чих тавин хүлээж байгаа бол нөгөө хэсэг нь Камбожийн эрх баригчдад талархан, нисэх буудал хүргэх автобусандаа суужээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин