Дэлхийн банк: Коронавирусийн нөлөө Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй
2-17

Дэлхийн Банкнаас 2020 оны 2 дугаар сард гаргасан Монгол Улсын эдийн засгийн тойм тайланд дурьдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдийхээс бага зэрэг саарсан ч дунд хугацааны төлөв эерэг хэвээр байна.

 

Төсвийн гүйцэтгэл сайн гарч, макро эдийн засгийн бодлогын уялдаа мөн сайжирч, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн таатай байдал, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өндөр байсан зэргээс эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдлээ. Гэвч түүхий эдийн үнэ аажмаар буурч, зэс, алтны агууламж  мөчлөгөөс шалтгаалан буурч буйгаас 2019 оны эдийн засгийн өсөлт 5.8 хувь орчимд байхаар төсөөлж байна.

 

Харин 2020–2021 онд хувийн хэрэглээний тогтвортой өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. Мөн Засгийн газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зардлаа үр дүнтэй, оновчтой болгох замаар дунд хугацаанд Засгийн газоын өрийг үргэлжлүүлэн бууруулахад чиглэсэн төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа.

 

Гэвч гадаад болон дотоод орчны тодорхойгүй байдал нэмэгдэж байгаагаас эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэтийн төлөв нь ирэх 2020 оны сонгуулиас үүдсэн улс төрийн тодорхойгүй байдал, АНУ ба Хятад Улсын худалдааны хэлэлцээрийн тодорхой бус байдал болон түүний түүхий эдийн үнэд үзүүлэх нөлөө, банкны салбарт хийгдэж буй шинэчлэл (банкуудын дахин хөрөнгөжилт)-ийн явц, мөн мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны ахицаас ихээхэн хамаарахаар байна.

 

Түүнчлэн Монгол улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас өндөр хамааралтай одоогийн орчинд шинэ төрлийн коронавирусийн Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

 

Дэлхийн Банкны Монгол улс хариуцсан Менежер Андрей Михнев "Дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг байгаа ч төсвийн нэгдмэл бодлогоо үргэлжлүүлж, гадаад валютын интервенцээ зохистой түвшинд байлгах замаар валютын нөөцийг улам нэмэгдүүлэх зэрэг нь бодлого боловсруулагчдын хувьд эн тэргүүний хоёр чухал бодлогын зорилт хэвээр байхаар байна. Засгийн газраас 2020 онд эдийн засгийн реформоо үргэлжлүүлэх нь зах зээлийн хэтийн төлөв, гадаадын шууд хөрөнгө оруулалтад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэдгийг онцлов.

 

Энэ удаагийн тайлангийн онцлох сэдвээр Монгол улсын банкны салбарын зээлийн динамик, ялангуяа сүүлийн үеийн нөхцөл байдал, Засгийн газар болон бодлого боловсруулагчдын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон зарим бодлогын зөвлөмж багтжээ.  

 

Дэлхийн Банкны Монгол улсыг хариуцсан Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэн, ялангуяа зээлийн бодлого, банкны салбарын тогтвортой байдлыг хангах нь макро эдийн засгийн тогтвортой байдал, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна. Бодлого боловсруулагчид 2018 оны сүүлээс эхлэн мөнгөний бодлогоо алгуур чангалж байгаа нь зээлийн өсөлтийг барихад үр дүнгээ өгч байна. Цаашид ч макро зохистой бодлогоор дамжуулан үүсч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Монгол Улс санхүүгийн салбарын хяналт, шалгалтыг улам сайжруулах, ялангуяа макро зохистой бодлогын аргй барилыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, болзошгүй хямралыг удирдах, шийдвэрлэх арг замаа улам боловсронгуй болгох чиглэлээр хийж буй хүчин чармайлтаа тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй”-гэж хэлэв.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Цагаан сар болпгоороо болно,айл хэсдэгээрээ хэснэ. Харин эдийн засгаа одооноос эхлэн эмхэлж,цэгцэлж эхлэхгүй бол нусаа хацартаа наана даа
2020-02-17