Иргэний үүргээ биелүүлж, эрүүл мэндээ хамгаалъя

ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллээр шинэ коронавирусын халдвараар өвчлөгсдийн тоо буурахгүй байна. Манай улсын хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг төр, засгийн зүгээс авч, хэрэгжүүлж байна. БНХАУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоо хааж, өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжиж, Цагаан сараар гэр гэртээ шинэлэх зарлиг, шийдвэрийг төр, засгаас гаргаж, ЭМЯ-наас иргэдийг хувийн эрүүл мэндээ хамгаалахыг цаг бүр сануулсан хоёр цаг тутамсаар иргэдийн гар утасны дугаар руу илгээн сануулсаар байна.
Х.Баттулга: Настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна
Энэ долоо хоногийн ажлын эхний өдрийг Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгаар эхлүүлэв. Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлигаа баталгаажуулан, уриалга дэвшүүллээ. Тэрбээр “Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ” гэдгийг сэрэмжлүүлэн уриалав.
Г.Занданшатар: Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврээ чанд сахих хэрэгтэй
Тэгвэл энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа. Тэрбээр, “Энэ цаг үед иргэд маань тайван амгалан, ухамсартай байх хэрэгтэй. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэтгэлээр давж гарах ёстой. Мах, маск, гурил зэргийг бөөндөж авах хэрэггүй. Үүнээс болж зохиомол хомсдол, зохиомол эрэлтийг үүсгэж байна. Хүнсний бүтээгдэхүүний гадаад дотоод нийлүүлэлтээ зохицуулж байгаа учраас хомсдол үүсэхгүй, хангамж хүрэлцээтэй байгаа. Харин амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дөрвөн том үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Үнэ өссөн байна. Үүнийг гэрээгээр зохицуулж, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Иргэд, үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж, хямарч бухимдалгүй, ухамсартай байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврээ чанд сахих хэрэгтэй. Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золгох нь зөв" гэв.
У.Хүрэлсүх: Иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой
Засгийн газраас гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгалаа. Энэ үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинэ коронавирусийн аюул дэргэд, хаалга тогшиж байна. Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсч байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй. Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна гэдгийг онцлов.
Ийнхүү төр, засгаас шинэ коронавирусийн халдвар, дэгдэлтээс сэргийлж, урьдчилсан арга хэмжээ зөвлөмжийг олны сонор хүргэсээр байна. Өдөр бүр нүүр гараа савандан угааж, нус, цэрээ ил задгай хаяхгүй байж, амны хаалтаа зүүж, цагаан сараараа цахимаар амар мэндээ мэдэлцэж, айл хэсэхгүй байх нь иргэн бидний төрийн өмнө хүлээсэн үүрэг. Тиймээс иргэд, олон нийт төр, засгаас гаргасан зарлиг, шийдвэр, зөвлөмжийг дагаж, иргэний үүргээ биелүүлье.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ