Дэлхийн эдийн засаг БНХАУ-аас ХАМААРАЛТАЙ гэдгийг титэм вирус харуулав
2020-02-19

 

БНХАУ-д дэгдсэн титэм вирус дэлхийн хүн амын эрүүл мэнд төдийгүй улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчид, шинжээчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. 

 

Ихэнх эдийн засагчид шинэ төрлийн титэм вирус Хятад төдийгүй дэлхийн эдийн засагт бүхэлд нь нөлөөлж, ирэх саруудад эдийн засгийн өсөлт тэг зогсоно гэдэг дээр санал нийлж байна. Бид өмнө нь мэдээлсэнчлэн, Хятад руу хийх экспортоос ДНБ-ийнх нь дийлэнх хувь нь хамаардаг Африк тивийн орнууд титэм вирусийн улмаас эдийн засаг нь ихээхэн хохирч эхэлсэн. БНХАУ-д титэм вирусийн дэгдэлтийн улмаас олон  үйлдвэр компанийн үйл ажиллагаа тасалдаж, түүхий эдийн хэрэгцээ хумигдсан нь ийнхүү олборлон нийлүүлэгч орнуудын эдийн засагт цохилт өгч байгаа юм. 

 

Манай улсын хувьд ч COVID-2019 вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хүрээнд олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Харин энэ нь Монголын орлогын эх үүсвэрүүдийн нэг болсон Оюутолгой ордоос Хятад руу хийх зэсийн нийлүүлэлтийг удаашруулсан талаар Рио Тинто компанийн төлөөлөгч мэдээлснийг Reuters  дамжуулж байв. Хятадад дэгдсэн титэм вирус дэлхийн томоохон зэс хэрэглэгчийн металлын эрэлтэд сөргөөр нөлөөлсөн бөгөөд вирусийн тархалтыг зогсоохын тулд тээврийн хязгаарлалт тавьсан нь үүнд нөлөөлсөн юм. 

 

Түр хугацааны саатал 

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас Хятадад өнөөдөр олон үйлдвэр, офис, дэлгүүр хаагдаж, байгууллагууд ажилтнууддаа урт хугацааны амралт өгөх эсвэл гэрээс нь ажиллуулах зохицуулалт хийж байна. 

 

Хятадын ихэнх хот, бүс нутгуудад тээврийн харилцаа зогсож, аялал жуулчлалын салбар царцан, олон сая хүн амтай хот гадаад ертөнцөөс тусгаарлагдав. Боловсролын байгууллагууд амралтыг сунгахаас аргагүй болсон бол зоогийн газрууд эзгүйрчээ. "Старбакс" сүлжээ гэхэд л Хятад даяар байх 4000 гаруй салбарынхаа тал хувийг хаасан бол 11 мянган кинотеатр хаалгаа барьсан байна. 

 

Энэ бүхэн Хятадын хэвлэлүүдийн өдөр бүр өгч буй мэдээллүүдийн нэгээхэн хэсэг. Эндээс харахад шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас Хятадын эдийн засаг ямар их хохирол амсах нь тодорхой. 

 

Үр дагавар 

Улс орон даяар тээвэрлэлтийг эрс багасгаж, 11 сая хүн амтай Ухань хотыг бүслэх зэрэг өвчний тархалтыг тогтоон барих гэсэн Хятадын эрх баригчдын хатуу арга хэмжээнүүд нь эдийн засгийн өсөлтийг эрс сааруулсан юм. JPMorgan банкны эдийн засагчдын үзэж байгаагаар Хятад улс энэ оны эхний улиралд 6,3 хувийн эдийн засгийн өсөлттэй байна гэж тооцоолж байсан гэнэтийн энэ өвчний улмаас төлөвлөсөндөө хүрч чадалгүй, 1 хувийн өсөлттэй байх гэнэ. 

 

2002-2003 онуудад SARS  тахлыг дарж байсантай адилаар нөхцөл байдлыг нэн богино хугацаанд хяналтандаа оруулж чадвал оны сүүл гэхэд алдагдлыг нөхөж чадна, харин чадахгүй бол дэлхийн худалдаа ноцтой асуудалтай тулгарна гэж барууны шинжээчид үзэж байна. Мөн чухамхүү Хятадын энэ жишээ нь даяаршлын эмзэг тал, нэн чухал бараа бүтээгдэхүүн тухайлсан нэг орноос хэт хамааралтай байхын аюулыг олон нийтэд харуулж байгаа гэдэг дээр олон шинжээч санал нийлж байгаа юм.

 

Үүний зэрэгцээ залруулж болохооргүй нөхцөл байдал худалдаа эдийн засгийн салбарт хэдийнэ гарсан гэдгийг ч онцлох ажиглагч цөөнгүй байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх тасалдал, худалдаа аж ахуйн харилцаа холбоо алдагдсан зэрэг нь үүнийг гэрчилнэ гэж тэд үзэж байгаа юм. 

 

Энэ сэдвээр "The New York Times" бичихдээ: 

 

"Дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх уналт нь Хятадын эдийн засаг болон түүний аж үйлдвэр нь дэлхийн байгалийн нөөцийн гол хэрэглэгч гэдгийг харуулж байна" гэжээ. 

 

 

Дэлхийн эдийн засаг дахь Хятадын ач холбогдол асар их. Хятадын жилийн экспорт нь хоёр их наяд 383 тэрбум байдаг нь түүний гол өрсөлдөгчид болох АНУ, Герман, Япон, Өмнөд Солонгостой харьцуулахад хавьгүй их тоо юм. Дэлхийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дөрөвний нэг нь БНХАУ-д ноогддог бөгөөд дэлхийн бүх бүс нутаг руу сэлбэг, хэрэгсэл нийлүүлдэг. Хямрал хурцадлаа гэж бодоход дэлхийн бусад улс орнууд дахь үйлдвэрүүд ч зогсох эрсдэлтэй. 

 

Гэхдээ одоогоор дэлхийн түүхий эдийн зах зээл дээр гол цохилт ирээд байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 15 хувь нь БНХАУ-д ноогддог бөгөөд хямрал эхэлснээс хойш энэ улсын газрын тосны нийлүүлэлтийн эрэлт 20 хувиар унажээ.  Түүнчлэн аялал жуулчлалын салбар ч хүндхэн цохилт амссан. Учир нь Хятадын жуулчид дэлхий дахины аялал жуулчлалын салбарын 20 хувийг оруулдаг аж. 

 

Үүний зэрэгцээ сүүлийн олон арван жил бүрэлдэн тогтсон, Хятад руу хийгдэх түүхий эдийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ алдагдсанд гол асуудал оршиж байгааг эдийн засагчид онцолж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн титэм вирус түүхий эдийн нийлүүлэлтэд нөлөөлж, төмрийн хүдрийн үнэ 10 хувь, зэс найман хувь никель таван хувиар, цайр болон хөнгөн цагааны үнэ ч буурчээ. 

 

Мөн энэ онд шингэрүүлсэн хийн үнэ 30 хувиар буурсан бөгөөд Хятад улс "давагдашгүй хүчин зүйлс" гэсэн шалтгаанаар   шингэрүүлсэн хий худалдаж авахаа багасгасан нь ийнхүү үнэд нөлөөлсөн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongol uls hyatadaas ediin zasgiin hamaaralgui uls manai orkuud bugd medej baigaa
2020-02-20
Хятад дэлхийн хамгийн том худалдан авагч улс юм. Түүнээс дэлхийн бүх улс орон эдийн засгаараа монгол шиг хятадаас хамааралтай биш ээ.
2020-02-19
жжжжжжжжж:
Битгий ЯВУУЛЛАГА хийгэд бай муу ХУЖАА
2020-02-19
Үнэн:
Монгол л үхчих гээд байгаа болохоос бусад улсуудад амьдрал хэвийн л явагдаж байна. Сингапур, Солонгост вирустай хүн байгаа ч хичээл сургууль нь хаагдаагзй л байна ш дээ. Хятад бол дэлхийн эдийн засгийн 13 %. Тэгэхээр нэг их нөлөөгүй. Худлаа ингэж сүржигнээд байгаа хүн нэг бол хужаагийн эрлийз эсвэл олон улсын эдийн засаг мэдэхгүй хүн байгаа.
2020-02-19
Зочин:
Хүмүүсийн амь наснаас илүү эдийн засаг чухал юмуу.
2020-02-18