"Даймонд Принцесс"-ийн зорчигч хөлөг дээрх бодит байдлыг мэдээлжээ
2020-02-18

 

Титэм вирусийн халдвар гарсны улмаас Японы Йокохама боомт дээр хөл хорионд орсон "Даймонд Принцесс" хөлөг онгоцонд байгаа, Буриадын оршин суугч Америкийн Esquire сэтгүүлд хөлөг дээрх нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

 

Түүнийг Аркадий Булгатов гэх бөгөөд нэгдүгээр сард найзуудын хамт аялалд гарчээ. Тэдний аялал хоёрдугаар сарын дөрөвний өдөр Японд дуусах байсан ч аялагчид өнөө хэр нь хөлгийг орхин гарах боломжгүй байгаа юм. Учир нь, хөлөг дээр зорчиж явсан нэг хүнээс шинэ төрлийн титэм вирус илэрсэн тул хоёрдугаар сарын нэгний өдөр хөл хорионд орсон.

 

Одоогийн байдлаар "Даймонд принцесс" хөлөг дээр 355 хүн COVID-2019 вирусийн халдвар авсан бөгөөд бүх зорчигчийг өрөөнөөсөө гарах, бусад хүмүүстэй харилцахыг хоригложээ. 

 

"Хөл хорио эхэлсэн талаар хоёрдугаар сарын таванд л бидэнд радиогоор мэдээлсэн. Энэ хорио хоёр долоо хоног үргэлжилнэ гэж онгоцны ахмад мэдээлсэн юм. Хөлөг доторх хүмүүс тэгтлээ сандарч тэвдээгүй. Гэхдээ хөл хорио тогтоосноор 14 хоног өрөөндөө байна гэдгийг бид ойлгоогүй байсан" хэмээн Аркадий ярьжээ.

 

Түүний өгүүлснээр хөл хорио тогтоосноос хойш зорчигчдын өдөр тутмын амьдрал эрс өөрчлөгдсөн байна.

 

"Бид өрөөндөө бараг л түгжигдчихсэн, байнга амны хаалт зүүж, 15 минут тутамд гараа угаа гэж зөвлөсний дагуу тогтмол гараа угааж байна. Чөлөөт цагаараа бид байнга кино үзнэ. Киноны сонголтыг нэмсэн. Одоо кино сангаас ямар ч төрлийн кино үзэж болно. Шинэ кинонууд олноор нэмэгдсэний дотор "Оскар" хүртсэн кинонууд ч орос хэлээр үзэх боломжтой болсон. Бидэнд хөзөр тарааж өгсөн. Өдөр бүр шинэ хэвлэл, үгийн сүлжээ, оригами хийх цаас зэргийг тараадаг" хэмээн ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, зорчигчдын хувьд өдөр бүр нэг л янзаар өнгөрдөг гэнэ. Өглөөний долоон цагт хаалга тогшин өглөөний цай өгөх бол гурван цагт өдрийн хоол, 19 цагт оройн хоол хүргэж ирдэг аж. 

 

"Бид хөлөг онгоцны ажилтнуудтай ярилцдаггүй. Тэд бүгд амны хаалт, бээлийтэй байдаг. Хаалга онгойлоо, хаагдлаа, тэгээд л боллоо" хэмээн Аркадий ярьсан байна.

 

ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин