COVID-19: Титэм вирусийн дэгдэлтийн талаарх судалгааны дүнг танилцуулжээ
2020-02-19

 

Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв COVID-19 титэм вирусийн дэгдэлтийн томоохон судалгааны дүнг танилцуулжээ. Энэ судалгаанд хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаарх мэдээллүүдийг шинжилсэн байна. 

 

Шинжээчид Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллийн сангаас 72,3 мянган өвчтөний мэдээллийг судалжээ. Тэр дундаа батлагдсан 44,6 мянга, халдвар авсан байж болзошгүй 16,2 мянга болон титэм вирусийн шинж тэмдэг илрээгүй ч халдвар авсан нь тогтоогдсон 889 тохиолдлыг дэлгэрэнгүй судалсан байна. 

 

Судалгаанаас үзэхэд, халдвар авсан хүмүүсийн дийлэнх олонх нь 30-69 насны хүмүүс байжээ. Тэдний ихэнх нь "Уханьтай холбоотой" хэмээн өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тэд титэм вирусийн голомт болсон Ухань хоттой ямар нэг байдлаар холбоотой, тэндээс ирсэн хүмүүстэй харилцсан байсан гэнэ. 

 

Халдварын 81 хувь нь "хөнгөн" гэж ангилагдсан бол ердөө 4,7 хувь нь "хүнд" шатанд орсон бөгөөд тэдний тал хувь нь нас барсан байна. Судалгаанаас харахад титэм вирусийн улмаас эрчүүд амиа алдах нь их, нас баралтын дунд эрчүүд 2,8 хувьтай байсан бол эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1,7 хувь байжээ. Шинэ төрлийн титэм вирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол нийт халдварын 2,3 хувийг эзлэж байгаа бол нийт халдварын тохиолдлын 51 хувь нь эрчүүд байсан аж. 

 

Судалгаанд өгүүлснээр, суурь өвчинтэй ахмад насныхан халдвар авах эрсдэл нь өндөр байсан гэнэ. Нас баралт өвчтөний наснаас хамааран өсч байсан бөгөөд 60-69 насныхны дунд нас баралт 3,6 хувь, 70-79 насныхны дунд найман хувь харин 80 наснаас дээш өвчтнүүд нас барсан тохиолдол 14,8 хувийг эзлэж байсан аж. 

 

Нас барах эрсдлийг эрс нэмэгдүүлж байгаа хүчин зүйл нь зүрх судасны өвчин болон чихрийн шижин гэдэг нь тодорхой болсон байна. Аливаа суурь өвчингүй өвчтөнүүдийн дунд нас баралтын түвшин 0,9 хувьтай байжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин