Шинийн нэгний өглөө “видео колл”-доё, ээж ээ
2020-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

БНХАУ-д титэм вирусийн /Covid-19/ халдвараар өвчилсөн 2000 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсад уг халдвараар өвчилсөн нэг ч хүн бүртгэгдээгүй байгаа нь хамгийн том аз. Цаашид өвчинг нэвтрүүлэхгүй “үүдээ” хаагаад хэд хоног магадгүй хэдэн сар л тэсчихвэл монголчуудын хувьд хонгилын үзүүрт гэрэл асах найдлага байна.

 

Урд хөршүүд уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглээд өвчнийг хяналтаас алдаж өнөөдөр 2000 иргэний амь хохироод байна. Тиймээс бид ч удахгүй болох сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг Засгийн газар, Ерөнхийлөгч ч хичээнгүйлэн захиад байгаа. Гэсэн ч иргэдийн ухамсар хандлага урьдынхаараа л байна.

 

Тэр дундаа хөдөө, орон нутгийнхан “бид адууны мах иддэг, яах ч үгүй” хэмээн хээв нэг боов, буузаа базаасаар байгаа сурагтай. Уудам талд уургаа бариад сэнгэнэтэл исгэрч яваа адуучинд вирус тусаад хорвоогоос буцчихна гэх айдас төрдөггүй л байх. Гэвч адуучин эрийнд Эрээнээс саяхан ирсэн дүү нь шинийн нэгний өглөө давхиад очиход дүүгээ гээд үнсээд угтах нь дамжиггүй. Харамсалтай нь дүү нь дэлхий нийтийг түгшээгээд буй “титэм” хэмээх гайхал өвчнийг дайгаад очсон байвал яах вэ. Энэ үед адууны мах, адуучин эрийн эр бяр ч нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй үл үзэгдэгч вирусэнд нугачин даруулах нь мэдээж. Өвчнийг анагаах ухааныг тив даяараа олоогүй байгаа тул нэгэнт тусчихвал хэзээ эдгэх эсвэл хорвоогоос буцахын аль нь болохыг хэн ч мэдэхгүй.

 

Тиймээс л энэ удаад золгохгүй байхыг Төр засаг, эмч, эрдэмтэд уриалаад байгаа юм. Нэг жилийн цагаан сарыг алгасч айл хэсэхгүй, ах дүүгийндээ золгохгүй, амраг садангаа зорихгүй байж чадвал бид тавхан сарын дараа Улсынхаа наадмыг үзэж сар шинээр хийсгэж амжаагүй хийморийн дарцагаа соёолонгийн тоосонд дарагдаж сэргээнэ, сайхан биз дээ.

 

Цагаан сарыг тэмдэглэхгүй байна гэдэг ерөөс амархан. Ирэх бямба гарагт тоос шороо гөвдөг өдрөөр их цэвэрлэгээгээ хийдгээрээ хийнэ. Унь тооно, хана таазаа ч угаана. Харин маргааш нь тэнгэрт анхны од гарах үед өрхийн тэргүүн идээ, шүүсээ засна. Дараа нь буузаа жигнээд, битүүлнэ. Ирэх жилд бүрэн, бүтэн байхыг бэлгэдэж “бондойтлоо” идэж, ууна. Бусад жилийнхээс ялгаатай нь та битүүнд ч, шинийн нэгэн, хоёрон, гурванд ч айл хэсэхгүй л байх юм.

 

Цэвэрхэн гэртээ буузаа жигнэж идээд, ижий аав руугаа дүрстэй дуудлага илгээсэн шиг амраад авъя. Дэгтэй, журамтай байгаад даруухан шинэлчихвэл дан тэрлэгтэй дарцаглах Улсын наадам ойрхон байна даа...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Abir:
Zub duu 5 honog tebcheed 50 jil zolgoy
2020-02-19
Abir:
Zub duu 5 honog tebcheed 50 jil zolgoy
2020-02-19
Zochin:
Zuv shuu, gereesee garahgyi baih heregtei, eejiindee ochihod tend ni bas l ur huuhed ni irj, ingeed l tsuglaralt bii bolj, daraa ni gertee irj ger buldee geed l haldvar tarhahaas sergiilmeer bainaa
2020-02-19
Zochin:
Tsagaan sar goe bayarl daa. Jild neg udaa ax dyygee oruulaad dailj tsailaad yarij xuuruud gar tsailgaad gargax saixan bdag. Gexdee ene jil video call xiigeed mend medeed shinelex zuv bxaa.irex jiliin sar shineer bygd eryyl saruul saixan shinelnee
2020-02-19