Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!
2020-02-20

 

Оюутолгойн гэрээг магтахаасаа муулдаг хүн олон.  Тэр гэрээг байгуулсан Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л магтаж, хамгаалдаг. Харин бусад нь “…Муу гэрээ болсон” гэдэг юм. Үнэхээр ч монголчууд бид ордоо ашиглуулж, хувь эзэмшдэг атлаа тэрбум тэрбум ам.долларын өр төлөөд суудаг болсон.

 

Улстөрчид уг нь энэ бүхнийг мэддэг. Гэхдээ нэг ярьж гарч ирээд, тэгсгээд чимээгүй болчихдог талтай. Оюутолгойн гэрээ ийм байдалтай хэрэгжиж байгаа юм.

 

Хууль тогтоогчид, хууль хяналтын байгууллагууд энэ гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн. Мэдээж хэрэг, олигтой дүн гараагүй. “…Энэ гэрээний эргэн тойронд маш том том ноцтой асуудлууд байна” гэж  толгой сэгсэрсээр ирдэг юм.

 

УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

 

“Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар “Рио Тинто” компанитай  хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм. Тогтоолд найман чиглэлийг тусгасан байдаг.  Тодруулбал,

 

Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ,

 

2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол,

 

2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

 

Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө буюу Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах, -Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах, Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх, уг тогтоолын хэрэгжилтийг хангахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёрдугаар зүйлээр үүрэг болгох тухай тусгасан байдаг.

 

Энэ тогтоолыг хэрэгжилтийг хангах талаар өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан байна.

 

Засгийн газар уг хэлэлцээрийн үеэр өмнөх тат­ва­руудын зөрүүг нэ­хэм­жилж гаргуулах, ног­дол ашгийг нийгмийн хариуц­лагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгүүлэх, Дубайн гэрэгэ өөрч­лөх зэрэг шаардлагыг тави­хаар төлөвлөж баталжээ.

 

Гэвч хоёр талын хэлэлцээрийн үеэр Засгийн газрын тавих шаардлагыг “Рио Тинто” хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Эдгээр шаардлага бараг бүгд дээр “Рио Тинто”-гийн эсрэг байр суурьтай байж ирсэн. Ганцхан жишээ гэхэд “Рио Тинто” 2019 оны долдугаар сард Оюутолгой төслийн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшлохоор байгааг мэдээлсэн байдаг. Мөн манай Засгийн газар 34 хувийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлдэг. Уг зээл нь 6.5 хувь дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй. Ингэхээр бараг 10 хувийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгаа бий.

 

УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газар ийн чангахан байр суурийг барьж буй ажээ. Гэвч “Рио Тинто” нэгэнт дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй, гэдийх нь тодорхой. Тиймээс “Рио Тинто” цаашид Монголын Засгийн газрын эсрэг ажиллаж, энэ асуудал хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэхгүй л болов уу. Харин олон улсын шүүхэд очиж мэдэх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ардын нам одоо эртхэн шиг оюутолгойн гэрээг шинэчлээд ашигтай болгох хэрэгтэй шуу дээ яагаад ингээд удаад байна даа сэлэм эргээд шийдэх цаг болсон шуу хэрэв шийдэхгуй сонгуульд орвол ард тумэн итгэхгуй шуу дээ
2020-02-20
УЛСТӨРЧИД МИНЬ ДЭЭ...:
ОЮУТОЛГОЙ БОЛОН ТАВАН ТОЛГОЙ ХОЁРЫГ Л ЗӨВ ШИЙДЧИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. 3,0 ХАН САЯ ХҮНИЙ АЖ АМЬДРАЛЫН ТУХАЙ ЯРИГДАЖ БАЙНА ШД.
2020-02-20
Хятадад корона вируё гарахын хажуугаар Оюу Толгой гэрээгээ цуцалбал бид хэцүү байдалд орно. Өлсөж үхэж чмагад..
2020-02-20
Гэрээгээ цуцал. Монголчууд бид өлсөж үхэхгүй
2020-02-20