Б.Баярцэцэг: Бүсгүйчүүдээ “Наашаа суу”...
2020-02-20

Цас бударсан ийм нэгэн өглөө “Дурласан цас”-ыг сонсоод алхаад л баймаар. Харин цаг наашилж бороо ороход “Чамайг мартаагүй”-г сонсож хэн нэгнийг санаж ганцаардмаар...Тиймээ, энэ мэт олон сайхан дуугаар амьдралд хөг аялгуу нэмсэн уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг. Тэрбээр 2020 оны хоёрдугаар сарын 20-ны онцгой энэ өдөр “Наашаа суу” хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ олон нийтийн хүртээл болгох гэж байна. Түүнтэй уран бүтээлийн талаар цөөн хором хуучиллаа.

 

 

-Ажил амьдрал, уран бүтээлийн сонин сайхан хуваалцахгүй юу?

 

-Миний хувьд өнгөрсөн оны аравдугаар сард дуучин Наагийтай хамтран “Jealousy” хэмээх дуу гаргасан. Энэ дууны клипны зургийг Наагийтай хамт Санкт-Петербург хотыг зорьж очин авахуулсан. Маш романтик хот учраас би дуртай. Мөн миний хувьд олон жилийн турш аавдаа зориулж дуу хийхийг мөрөөдөж явсан. Миний аав тариаланч хүн байлаа. Өнгөрсөн жил “Атрын 60” жилийн ойд зориулан Балхжавын ая, Гүрбазарын шүлэг “Миний аав тариаланч” гэх маш сайхан уран бүтээлийг аавдаа зориулан дуулсан. Харин 2020 онд Ц.Чулуунбатын ая, Х.Болор-Эрдэнийн шүлэг “Наашаа суу” гэх уран бүтээлийг гаргалаа.

 

-“Наашаа суу” гэх содон нэртэй дууг бүсгүйчүүдэд зориулсан бололтой?

 

-Энэ дууны талаар багагүй хугацаанд бодож явсан. Би 2000 оноос хойш 20 жил дуулжээ. Намайг сонсдог хүмүүс ихэвчлэн эмэгтэй хүмүүс байдаг. Тийм учраас өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, намайг хурцалж, намайг урамшуулж байсан бүх бүсгүйчүүддээ баярлалаа гээд талархлын дуу болгон гаргаж байгаа.

 

 

-Дууны үг, аяыг чадварлаг уран бүтээлчид туурвижээ. Х.Болор-Эрдэнэ зохиолчийн үг бүр хүчтэй, Ц.Чулуунбат хөгжмийн зохиолчийн ая бүр зүрхэнд хүрдэг дээ?

 

-Чука ах маань монголын ард түмний хайртай уран бүтээлч, хөгжмийн зохиолч. Энэ дуу миний Чука ахтай хамтарсан дөрөвдэх уран бүтээл. Тийм учраас би их азтай хүн. Харин Х.Болор-Эрдэнэ зохиолчийн хувьд миний хамгийн онцгой, хамгийн романтик дуунуудын маань шүлгийг бичиж өгсөн. Тухайлбал “Дурласан цас”, “Намайг зур”, “Наашаа суу” гээд эмэгтэй хүнд зориулсан эмэгтэйчүүдийн нандин мэдрэмжүүдийн тухай дууны шүлгүүдийг Боогий маань бичиж өгсөн байдаг.  

 

-Шинэ уран бүтээлээ хэзээ цацах вэ?

 

-“Наашаа суу” дуугаа өнөөдөр /2020.02.20/ орой цацна. Аливаа уран бүтээлд хамтран ажилласан байгууллагууд том үүрэгтэй оролцдог. “Наашаа суу” дууны маань клипийг “Скин” энтэртаймент хийж, бүсгүйчүүдийн брэнд компаниуд дэмжиж оролцсон. Тухайлбал “Loriblu Mongolia”, “Dyrberg/Kern Copenhagen” болон мөн “World wine” компани. Эдгээр дэмжиж хамтарч ажилласан бүх компаниуддаа баярлалаа гэж хэлье. Мөн энэ дууг зохиох шалтгаан болсон бүх бүсгүйчүүддээ баярлалаа. Удахгүй болох бидний баярын мэндийг давхар хүргэе. Уран бүтээлийг минь сонсож, дэмжиж, урамшуулж ирсэн олон олон бүсгүйчүүд та нартаа талархлаа илэрхийлээд, наашаа суухыг урьж байна. Гал цогтой, уян хайлан, ялдам даруу, яруу эрхэмсэг гээд өөр өөрийн зан араншин, өнгө гэрлээрээ орчлонг чимж байдаг бүсгүйчүүд та нартаа зориулсан энэхүү уран бүтээлээ тун удахгүй хүргэнэ.

 

 

 

Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин