Путин: Засгийн газрыг огцруулах талаар Медведевтэй урьдчилан ярилцчихсан байсан
2020-02-20

 

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ТАСС агентлагт дэлгэрэнгүй ярилцлага өгөх үеэрээ Засгийн газрыг огцруулсан асуудлыг хөндсөн байна.

 

Нэгдүгээр сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин уламжлал болсон,  Холбооны хуралд хандсан илгээлтээ тавьсан. Үүний дараа ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон нь олон улсын хэвлэлийн анхаарлыг татаж байв. Олон нийтийн хувьд гэнэтийн байсан энэ шийдвэр үнэндээ урьдчилан төлөвлөсөн алхам гэж шинжээчид таамаглаж байсан бөгөөд үнэхээр ч тэдний зөв байсныг Путин ТАСС агентлагт өгсөн ярилцлагаараа батлав.

 

"Дмитрий Анатольевич бид хоёр олон жил нээлттэй, найз нөхрийн харилцаатай байсаар ирсэн. Бидэнд нэгнээсээ нуух зүйл байхгүй. Тиймээс түүнтэй энэ талаар ярилцаж байсан. Медведев ч юу болохыг мэдэж байсан" хэмээн Путин өгүүлжээ.

 

Засгийн газрыг огцруулсан нь нэг төрлийн тусгай ажиллагаа байсан гэсэн хувилбар хэвлэлүүдээр гарч байсан. Харин Владимир Путин үүнийг үгүйсгэсэн ч Медведевээс өөр  төлөвлөгөөг нь хэн мэдэж байсан болон шийдвэрийг хэзээ гаргасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

 

ОХУ-ын Засгийн газар огцорсон нь 

 

Нэгдүгээр сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илгээлт тавьсны дараа Засгийн газрыг долоон жил удирдсан Дмитрий Медведев танхимаа огцруулж байгаа тухай мэдэгдсэн. Үүний дараа Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайдын албан тушаалд Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг санал болгосон юм.

 

Засгийн газар огцрох болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гэж Медведев мэдэгдсэн.

 

"Эдгээр өөрчлөлтүүдийг хийвэл Үндсэн хуулинд ихээхэн өөрчлөлт орохоос гадна засаглалын тэнвцэртэй байдалд, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон шүүх засаглалд өөрчлөлт орно. Энэ утгаараа, ОХУ-ын Засгийн газар болох бид улс орныхоо ерөнхийлөгчид шаардлагатай шийдвэр гаргах боломжийг олгох ёстой гэж бид үзэж байгаагийн дээр энэ нөхцөлд ОХУ-ын Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан нь зөв гэж би бодож байна" хэмээн Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдэж байв. 

 

Ажиглагчдын хувьд Засгийн газар ийнхүү гэнэт огцрох болсныг өөр өөрөө тайлбарлаж байгаа ч ихэвчлэн "засаглалыг шилжүүлэх явцыг эхлүүлэх алхам, тактикийн нүүдэл" гэдэг дээр санал нэгдэж байна. 

 

Сайд нарын танхим огцорсон нь эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдэд Ерөнхийлөгч сэтгэл дундуур байгааг илтгэж буй хэрэг байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Ерөнхийлөгч далд санаагаар зарласан засаглалыг шилжүүлэх явцын хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд нэн чухал бөгөөд эдийн засгийн хөгжил уналттай биш өсөлттэй нөхцөлд засаглалыг шилжүүлэх явцыг явуулах ёстой гэж судлаачид үзэж байлаа.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин