Олимпийн бамбарыг анх удаа эмэгтэй хүн буухиалж эхлүүлэхээр болжээ
2020-02-20

 

Эртний олимпийн уламжлал ёсоор ирэх гуравдугаар сарын 12-нд нарны гэрлээс олимпийн галыг бадамлуулсны дараа “Токио-2020” бамбарыг спорт гар бууны олимпийн аварга Анна Коракаки хүлээн авах юм.

 

Энэ мэдээг сонсоод Коракаки “Миний насан туршдаа санаж дурсах сайхан мөч байх болно. Олимпийн түүхэн үйл явдалд оролцох болсондоо баяртай байна” хэмээн өгүүлжээ. Тэрбээр “Рио-2016” олимпод 25 метрийн спорт гар буугаар алт, 10 метрийн хийн гар буугаар хүрэл медаль зүүсэн билээ. Коракаки энэхүү нэр хүндтэй үүрэг хүлээх анхны эмэгтэй тамирчин болох төдийгүй анхны олимпийн аварга цолтон болж түүхэнд үлдэнэ. Гимнастикч Элефтериос Петроуниас яг ийм үүргийг гүйцэтгэснийхээ дараа Риод олимпийн аварга болж байжээ. Коракакигаас “Токио-2020” олимпийн багийнхан бамбараа гардаж авах бөгөөд энэ удаа 2004 оны оны олимпийн марафоны аварга Мизүки Ногүчи тэрхүү албанд томилогджээ. Ийнхүү түүхэнд мөн анх удаа хоёр бүсгүй хоорондоо олимпийн бамбарыг солилцох юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин