ЭМЯ: Замын-Үүдэд нэг иргэнийг тусгаарлаж, 103 хүнийг ажиглалтад авсан
2020-02-20

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн нөхцөл байдлаар талаар ээлжит мэдээллийг хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БНХАУ-д тус вирусийн халдвар авсан 1812 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин БНСУ, Япон, Сингапур зэрэг оронд 24 цагийн хугацаанд өвчлөл нэмэгдсэн байна. Тэр дундаа Япон улсад нийт өвчлөл 651 болж нэмэгдсэн бол БНСУ-ын сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй өөрөөсөө гадна 10 хүнд халдвар тараасан тохиолдол бүртгэгджээ. Иймд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 

 

Иргэд, олон нийт даарч хөрөхгүй байж дулаан хувцаслах нь дархлааг дэмжинэ. Мөн халуун шөл, шингэн зүйл ихээр хэрэглэх, жимс ногоо түлхүү хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, стрессдэхгүй байх зэргээр дархлаагаа дэмжвэл өвдөх магадлал бага, өвдсөн тохиолдолд хөнгөн өвдөж, хурдан эдгэрнэ гэдгийг мэргэжилтэн зөвлөлөө.

 

ДЭМБ-аас "Дэлхий дахинд 75 мянга 292 тохиолдол бүртгэгдэж БНХАУ-аас бусад оронд таван нас баралт бүртгэгдсэн байна. Иранд нас баралтын хоёр тохиолдол гарсан. Нийт бүртгэгдсэн тохиолдлын хоёр хувь нь нас барж байна. БНХАУ-д тохиолдлын тоо багасч байгаа ч халдвар дамжсан нь тодорхойгүй тохиолдлын тоо бусад оронд ихэсч байна. Вирус өндөр настанд их, бага насны хүүхдүүдэд цөөн халдварлаж байна" гэж мэдээллээ.

 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Замын-Үүд боомтод нэг хүнийг тусгаарлаж хамт зорчиж явсан 103 хүнийг ажиглалтад авсан, иргэдийн биеийн байдал сайн байгаа аж. Мөн өчигдөр /2020.02:19/ Завхан аймагт вирусийн сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан байна. Тухайн иргэн хоёрдугаар сарын 6-12-ны хооронд БНХАУ-руу Гашуунсухайт боомтоор гараад энэ сарын 13-ны өдөр Завхан аймагт очжээ. Очсон даруйдаа халуурсан, хатгалгаа өвчний шинж илэрсэн тул тусгаарлаж шинжилгээний сорьцийг ХӨСҮТ-д илгээжээ. Уг иргэний хамт автобусанд зорчиж явсан 40 гаруй хүнийг ажиглалтад авч биеэ хянах зөвлөмж өгсөн байна. 

 

Мөн энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-д суралцдаг нэг оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж.

 

Дэлхий дахинаа бүртгэгдэж буй тохиолдлуудаас харахад хүн олноор цугларсан газарт халдвар дамжих эрсдэл өндөр байгаа аж. Тухайлбал Японы Йокохама боомт дээр хоёр долоо хоногийн хөл хорионд орсон "Даймонд принцесс" хөлөг онгоцоор 3,7 мянган зорчигч аялж явсан. Аяллын үеэр Хонконгоос суусан 80 настай зорчигчоос шинэ төрлийн титэм вирусийн халдвар илэрсний улмаас 520 гаруй хүн халдвар авсан юм. 

 

Манай улсын эмнэлгийн байгууллагууд COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувцасын нөөц бүрдүүлэх чиглэлээр зургаан нэрийн эм, 14 нэр төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл, 10 нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтйин бодис бэлтгэхээр ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулан нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин