Хэргийн сэжигтэн үү, хэн нэгний барьцааны хүн үү?!
2020-02-21

 

 

“Эрдэнэт үйлдвэр”-ээс сүүлийн арваад жилд оффшорт гарсан их мөнгөний хэрэг хэмээх дуулиан өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын сүүлчээр дэгдсэн.

 

Залгуулаад АТГ-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн, “Хар” хэмээх Баасанжавын Отгонбаатар нарыг цагдан хорьсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн эрүүл мэндийн байдал эрс муудсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр сарын өмнө сулласан байна. Харин Б.Отгонбаатарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөлгүй, хугацааг нь сунгасаар өнөөг хүрч байгаа юм. Баасанжавын Отгон­баатар нь Ховд аймгийн уугуул. 1966 оны арванхоёрдугаар сарын 4-нд төрсөн. Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд болох Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу нарыг шууд удирддаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгт холбогдсоны үндэслэл гэхэд болно.

 

Түүний ах дүү нар ч “Эрдэнэт үйлдвэр”-тэй нягт холбоотой. Төрсөн ах Баасанжавын Батхуяг нь  “Эрдэнэт үйлдвэр”-ийн Москва дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг. Мөн төрсөн дүү Б.Батжаргалсайхан “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласаар ирсэн байгаа юм.

 

Б.Отгонбаатар нь улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон нэгэн гэдэг. Тиймээс ч Б.Отгонбаатарыг ХУД дэх “Моннис” компанийн барилгад байдаг оффисоос нь баривчлах үед УИХ-ын хоёр ч гишүүн хамт байсан. Тэд өнөөдөр “…Би байгаагүй, тоглоогүй” гэж гүрийж буй. Мөн тэр оффисоор нь орж гардаг нөлөө бүхий улстөрчид, нэр бүхий генералууд ч байдаг.

 

Б.Отгонбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэж, тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай нийлж хэд хэдэн аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулжээ.

 

Тэрээр хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж буй асуудлын гол нь гэгдээд байгаа “Азаргын гол чонот” ХХК-ийг 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан. Мөн 2009 оны гуравдугаар сарын 24-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг байгуулжээ. Бас 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулсан байна.

 

Б.Отгонбаатарын зохион байгуулдаг мөнгөний сүлжээний “үндсэн” компаниуд нь энэ юм. Охин компаниуд нь гэвэл “Азаргын гол чонот” ХХК-ийг нь дагаад 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд байгуулагдсан, гадаад, дотоод худалдаа зуучлал, металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК, 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан “Альтаиргоулд” ХХК ажилладаг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийнх нь “Тэдмэнт” ХХК, гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Тэдмэнт хийц” ХХК гэж бий.

 

Юутай ч энэ олон компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендер, худалдан авалттай холбогдож, тэндээс олдсон ашиг нь хил давж “одсон” нь хуулийнхны анхаарлыг татсан бололтой юм билээ. Учир нь уг хэргийн талаар хуулийн байгууллага өнөөг хүртэл ямар нэг тайлбар хийхгүй байгаа юм.

 

Нөгөө талаас Б.Отгон­баатарын баривчилгаа, хорионы асуудал нь улс төртэй холбоотой байж болзошгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Б.Отгон­баатарыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр дотно нэгэн гэдэг. Түүнийг цагдан хорьсон, өнөөг хүртэл суллахгүй, бас холбогдсон хэрэг нь тодорхой бус байгаа зэргээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирүүлэхээр “барьцааны хүн” маягаар ашиглаж байгаа гэх яриа улс төрийн хүрээ, хууль хяналтынхны дунд гарч байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрээд ирвэл Б.Отгонбаатарын хэрэг хаагдана гэж буй юм.

 

Тиймээс ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид дөрвөн сарын өмнө сүр дуулиантай хоригдсон “Хар” хэмээх Б.Отгонбаатарыг гэмт хэргийн сэжигтэн үү, эсвэл хэн нэгний барьцааны хүн болчихов уу гэдэг эргэлзээ бий болоод удаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Компануудаа аль эрт Элбэгдоржоос өмнө байгуулсан юм байна шүү дээ.Ингэж л хаа хамаагүй зүйлээр Элбэгдоржийг хонзон авах маягаар доромжлоод байгаа юм даа.
2020-02-23