Б.Дөлгөөн, А.Батцэцэг нар Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2-21

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ийн жингийн барилдаан болж, манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.

 

55 кг-ийн жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Б.Дөлгөөн, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг шигшээд шалгарч, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн боллоо. Алтан медалийн төлөөх барилдаанд Б.Дөлгөөн (зураг дээр) эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдлаа. М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.

 

ОУХМ А.Батцэцэг 59 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн нь түүний хувьд сүүлийн гурван жил дараалан тивээсээ медаль (2018 онд Бишкект хүрэл, 2019 онд Шианьд мөнгөн медаль хүртсэн) зүүж байна. А.Батцэцэг хэсгийн барилдаанд Узбекистаны Г.Тошпулатоваг 10:0, БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2 оноогоор, Японы К.Юүмиг цэвэр, хагас шигшээд Казахстаны М.Бакбергеноваг 5:1-ээр тус тус ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Сарита Морд 2:3-аар ялагдав. Ийнхүү өнөөдөр хүч үзсэн Монголын таван бөх бүгд медалийн төлөө хүч барилдсанаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр нь хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэв. 50 кг-д Б.Мөнхнар Узбекистаны Д.Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Э.Сыздыковад цэвэр ялагдсан.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин