Орон орны цагаан сар: Индонезийн цагаан сарын “УУЦ” нь тахианы мах 
2020-02-24


            Сарны тооллыг баримталдаг Азийн улс орнууд ойролцоо өдрүүдэд хаврын тэргүүн сарын шинийн нэгнээ тэмдэглэдэг.

 

     Мусульман шашинтнууд олонтой Индонез, Малайз зэрэг улс орнуудад ч сарны тооллын шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ. Азийн орнуудаас гадна Австрали, Их Британи, АНУ, Канад зэрэг улсуудад Ази гаралтай иргэд олноор оршин суудаг тул Цагаан сар буюу сарны тооллын шинэ жилийн баярыг хүндэтгэн үзэж зарим дэлгүүрүүд тусгайлан хямдрал зарлах нь бий. Барууны улс орнууд сарын тооллын шинэ жилийн Хятадын шинэ жил гэж нэрлэдгийг Азийн бусад улс орнууд таашаадаггүй тул Сарны шинэ жил /Lunar New Year/ гэж нэрлэх нь элбэгшжээ.

 

     Улс улсын сар шинийн зоогонд холбогдох зан заншил, бэлгэдэл тухайн улсын уламжлалтай шууд холбоотой. Манай  улс мал аж ахуйн нүүдэлчин уламжлалтай учир зан заншил, идээ цагаа нь бурхан, байгаль дэлхий, тэнгэр лусаа аргадсан шинжтэй байдаг бол бусад улс орнууд ихэвчлэн эрүүл мэнд, эд баялаг, амжилт бүтээлийн бэлгэдэлтэй хоол хүнсээр сар шинийн ширээгээ дүүргэдэг. Энэ удаад Азийн орнууд дорнын тооллоор шинэ он угтахдаа бэлддэг идээ будааны талаарх мэдээллийг хүргэж байна. 


 
ХЯТАДУУД 7 ТӨРЛИЙН ХООЛ ХҮНСИЙГ БИЛГЭШЭЭДЭГ

 
   

  Хятадууд цагаан сараар долоон төрлийн хоол хүнс идвэл тухайн жилдээ азтай байна гэж итгэдэг.

    Үүнд загас, банш, ногооны ороомог, будааны чихэрлэг бөмбөлөг, жүрж, будааны бялуу, урт гоймон зэрэг орно. Загасыг өөдлөн дэвжихийн бэлгэдэл гэж үздэг бол банш, ногооны ороомог, жүрж жимс идвэл эд мөнгө арвижих үүд хаалгыг нээнэ гэж итгэдэг байна. Мөн будааны чихэрлэг бөмбөлөг нь гэр бүлийн бүх гишүүдийг ирж буй жилдээ элэг бүтэн, эв найрамдалтай байлгана гэж билгэшээдэг. Будааны бялуу нь тухайн жилдээ албан тушаал дэвшин орлого нэмэгдэх бэлгэдэл болдог бол урт удаан аз жаргал ирнэ хэмээн итгэж урт гоймонтой хоол ширээндээ заавал байлгахыг хичээдэг гэнэ.


 
   МАЛАЙЗУУД ЗАГАСААР БЭЛДСЭН ЗООГОНД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДДАГ УЛАМЖЛАЛТАЙ

 


   

 Малайзад цагаан сараар зочдоо дайлж цайлах нь бусад орны адил энэ баярын хамгийн чухал хэсэг. Тэд цагаан сараар 12 төрлийн зоогийг баярын ширээнээ заавал байх хэрэгтэй гэж үздэг.  Эдгээр зоогт амталсан дуфу, гахай, тахиа, загас зэрэг амьтны махан зоогуудаас гадна төрөл бүрийн ногоогоор хийсэн амтат хуурга, ногооны ороомог, урт гоймонтой хоол зэрэг нь хятадын уламжлалт хоолтой төстэй бэлгэдэлтэй. 


     Нэгэн сонирхолтой зүйл гэвэл малайз загасчид зоогийн ширээн дээрх загасыг эргүүлж тойруулж болохгүй гэж цээрлэдэг ажээ. Загасан зоогонд хайхрамжгүй хандвал завь хөмрөх зэрэг таагүй аюул эндэл болно гэж болгоомжилдог.
 


     Хятадын бэлгэдлээс ялгаатай нь тэд салат навчийг зоогондоо хэрэглэвэл тухайн жилдээ баян чинээлэг болно гэж итгэдэг. Мөн ногооны ороомог алтан шаргал болбол тухайн жилдээ адислал дүүрэн байх нь хэмээн баярлацгаадаг гэнэ. Харин ногооны холимог хуурга нь хайртай нэгэнтэйгээ тухайн жилдээ эргэн нийлэх сайн сайхныг урин дууддаг ажээ.
 

СИНГАПУР

 

 
   

 Азийн бусад улс орнууд, тэр дундаа Тайланд, Хятад, Филиппин, Малайз зэрэг улс оронтой ойр харилцаа холбоотой байснаар Сингапурын хоол хүнсний хэрэглээ ч ойр төстэй болжээ.  Тэд цагаан сараар Еэ Сан хэмээх түүхий загас, төрөл бүрийн нарийн хэрчсэн ногоо, соус хачиртай амтат хоол, Солонгос гаралтай Ниан Гао зэрэг хоолоор зочдоо дайлдаг.
 

ВЬЕТНАМ

 


     

Вьетнамчуудын хувьд цагаан сар нь гэр бүлүүд нэг дор цуглаж, ирэх жилийн сайн сайхан бэлгэдэл бүрийг урин дууддаг чухал баяр юм. Будааны наалдамхай бялуу, дарсан сонгино зэрэг гол хоолнууд баярын ширээнд заавал байдаг. Чун бялуу буюу наалдамхай бялуу нь диваажингийн уур амьсгалыг эх дэлхийд буулгаж ирсэн хүнс гэж өргөмжлөгддөг урт удаан амьдралын бэлгэдэл бүхий хүндтэй зоог болдог бол Дуа Хан хэмээх дарсан сонгино бусад тэжээллэг хоол хүнсийг хурдан шингээхэд зайлшгүй шаардлагатай зууш юм.

 

ХЯСААГ ОРЛОГЫН ҮҮД НЭЭДЭГ ХЭМЭЭН БИЛЭГШЭЭХ ИНДОНЕЗУУД

     
     Индонезд бусад улс орнуудын адил ирэх жилдээ элбэг дэлбэг байхын бэлгэдэл болсон идээ будаагаар баярын ширээгээ дүүргэж, гэр бүлээрээ цуглан цагаан сар тэмдэглэдэг айл өрх олон бий. Энд Хятадын нэгэн адил загасан зоог барихаас гадна хясааг ашиг орлоготой байхын бэлгэдэл гэж үздэг учраас цагаан сараар энэ төрлийн зоог барих нь нийтлэг болжээ. 

 
   ...Индонезид цагаан сараар тахианы махыг толгой сүүлний хамт бэлтгэн тавьснаар өөдлөн дэвжих болно хэмээн итгэцгээдэг...

 

 
 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гаднаас хүнс авахгүй шүү
2020-02-26
Зочин:
Бэлгэшээх гэж бичмээр юм. Бэлгэ тэмдэг, тѳрийн 9 их бэлгэ, бэлгэдэл, бэлгэ эрхтэн, эм бэлгэ, эр бэлгэ, бэлгэсийн ѳвчин. Билэг оюун. Оюун билэг. Билэгт хүмүүн. Билгийн мэлмий нээгдэх. Билгийн чинад хязгаарт хүрсэн. Бэлэг бэлдэх. Бэлэг ѳгѳх. Бэлэглэх. Бэлэглэлийн гэрээ. Бэлгэ салга. Бэлэгний уут.
2020-02-24
Mongol:
Ok!
2020-02-24