2021 оноос Оросын сурагчид хиймэл оюун ухаан судална
2020-02-21

 

 

ОХУ-ын Гэгээрлийн яам хиймэл оюун ухааныг судлах хичээлийг сургуулийн сургалтын хөтөлбөрт 2021 оноос эхлэн багтаахаар төлөвлөж байгаа талаар РИА Новости мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хиймэл оюун ухааныг судлах хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахад шаардагдах зардал болон журмыг мэргэжилтнүүд гаргасан байна.Мөн холбооны улсын боловсролын стандарт болон үндсэн жишиг хөтөлбөрүүдэд нийцэх загварчлал гаргажээ.

 

Улмаар 2021 оноос Оросын хэд хэдэн ерөнхий боловсролын сургуульд шинэ хичээлийн загварчлалыг туршилтаар оруулах бөгөөд 2024 оны сүүл гэхэд туршилт Оросын нийт дунд сургуулиудын тал хувийг хамарсан байна гэж ОХУ-ын Гэгээрлийн яам мэдэгджээ.

 

Түүнчлэн, ирэх оноос эхлэн Орос даяар хиймэл оюун ухааны олимпиад явуулж эхлэхээр төлөвлөсөн байна. Энэ олимпиадад оролцсон амжилт нь их дээд сургуульд элсэх үед нэг үзүүлэлт болох гэнэ. Мөн энэ салбарын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин