Өнөө цагийн "ӨНДӨР ЭЭЖҮҮД"
2020-02-23

-Нойрмог жолоочийн энхийн төлөө нойргүй зогсоо алба хаагчид-

 

Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг тээврийн жолооч нар хүйтнийг ажрахгүй халуун аарц уунгаа мар мар инээлдэж зогсоно. Цааш 50 километр зам туулах “Таван толгой түлш” ХХК-ийн жолооч байхад 500 километр зам туулж Өмнөговийг хүрэх “Энержи Ресурс” компанийн жолооч тэнд байна. Хүнд даацын автомашины жолоо мушгин холыг зорьж яваа эдгээр жолооч нарыг өнөөдөр замын цагдаа нар зөрчил илрүүлэх гэж биш дайлах гэж зогсоов. Жолооч нарыг амраж, аарцаар дайлаад үдэх цагдаагийн алба хаагчид орчин цагийн “өндөр ээж” гэлтэй...

 

 

Зам тээврийн ослын ихэнх хувь нь жолооч ядарсан, нойрмоглосон зэрэг шалтгаантай байдаг аж. Мөн Төв аймгийн хувьд олон аймгийн автозамын дамжин өнгөрөх төв болдог тул зам тээврийн осол ихээр бүртгэгддэг байна. Иймд Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас санаачлан  ТЦА, ЦЕГ, даатгалын компаниудтай хамтран жолооч нарын алжаал ядаргааг тайлах цаашлаад амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “явуулын пост”-ийг ажиллуулж эхэлсэн байна.

 

“Нойрмоглосон жолооч осол гаргах тохиолдол их байгаа тул жолооч нарын нойрыг сэргээх ямар нэгэн арга хэмжээг цагдаагийн байгууллага хийх хэрэгтэй юм байна” гэдэг зорилгийг Төв аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар тун саяхан томилогдоод буй цагдаагийн хошууч Л.Ганзориг гэх шавилхан бор залуу Сүхбаатар аймгаас “өвөртөлж” иржээ.

 

Тэр өмнө нь Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллах хугацаандаа явуулын буюу дундын пост арга хэмжээг тогтмол зохион байгуулж үр дүнд нь зам тээврийн осол, хэргийн тоог эрс бууруулж чадсан байна. Тухайлбал 2018 онд зам тээврийн осол, хэргийг жилийн дотор 33.3 хувиар, хагас жилийн хугацаанд 80 хувиар бууруулжээ. Энэ ажлаа Төв аймгийн замын цагдаагийн газрын тасгийн даргаар ажиллах хугацаандаа үргэлжлүүлэхийг зорьж өнгөрсөн нэг сарын хугацааанд нойргүй шахуу зүтгэхээс зам тээврийн осол, хэргийг тодорхой хэмжээгээр бууруулсан байна.

 

 

Гадаа хасах 23 хэмийг зааж, хээрийн хүйтэн салхи нэвт сэнгэнэсэн өвлийн хүйтэнд “Нойрмоглож байгаад осолдчих вий” хэмээн өөрөө нойргүй зүтгэх, хүүхдүүдэд хичээл заах мэт “Одоо бүгдээрээ дасгал хийе” хэмээн жолооч нарт нэгд нэгэнгүй хөдөлгөөн зааж зогсох цагдаагийн алба хаагч Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

 

-Таныг Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа энэхүү явуулын пост арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой эерэг үзүүлэлтэд хүрсэн хүн гэх юм. Сүхбаатараас энэ зорилгоо өвөртлөөд Төв аймгийг зорив уу?

 

-Би цагдаагийн байгууллагад 23 жил ажиллаж байна. Саяхныг хүртэл Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад хоёр сарын өмнө Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын тасгийн даргаар томилогдон ирээд байна. Энэ ажлыг зохион байгуулах гол зорилго маань хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах явдал. Зам тээврийн осол гарч байгаа дийлэнх шалтгаан нь жолооч ядарснаас болж байна. Тиймээс явуулын постыг ажиллуулж замын дунд жолооч нарыг зогсоож, амраах, халуун аарцаар үйлчилж, дасгал хөдөлгөөн хийлгээд хөнгөхөн яриа өрнүүлж нойрыг нь сэргээгээд хөдөлгөх арга хэмжээг даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлж байна. Ингэснээр жолооч нар маань хүрэх газраа осол авааргүй эсэн мэнд очих боломжоор хангаж өгч байгаа юм. Энэ бол үүрэг даалгавар биш. Цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлийн л илэрхийлэл гэх юм уу даа. Миний хувьд нойрмог жолоочийг аварсан нойргүй нэг сар өнгөрөөлөө.  Явуулын постыг би цаашид байнга ажиллуулна. Өнөөдөр нэг жолоочид аарц өгөөд өнгөрөх биш. Нэг ч гэсэн жолооч гэр бүлдээ эсэн мэнд очихын төлөө ажилласаар  байх болно.

 

-Аарцаар дайлаад л амраах хэдхэн хоромд нойрмоглож явсан жолоооч нэг сайхан сэргээд хөдөлдөг байх даа. Ер нь жолооч нар замдаа хэдэн удаа амрах ёстой вэ? 

 

-Жолооч нарыг зогсоогоод хэдэн километр зам туулав, замдаа хэдэн удаа бууж суув, унтаж амрав уу гэхээр 700-800 бүр 1000 километр зам туулаад ирсэн жолооч хүртэл 1-2 удаа л зогсдог. Зарим нь нэг ч зогсоогүй гэдэг. Уг нь 700 километрийн замд жолооч нэг л удаа зогсож амарч болохгүй. Жолооч нар 50 километр тутамд зогсож амарч байх ёстой. Гэтэл амраад хөдлөхөөс илүүтэй хурдхан хүрэх газраа очихыг илүүд үздэг учраас бид 50 килемтр тутамд амрах боломжоор нь хангахыг хичээж байна. Амрах орчин, бие засах байгууламж гээд бүх зүйлийг хангасан байх ёстой ч өнөөдөр хөрөнгө мөнгөний гачигдалтай учраас энэ бүхнийг хийж чадахгүй байгаа шүү дээ.

 

 

-Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол ихээр бүртгэгддэг болохыг судалгаанд дурдсан байдаг. Шалтгаан нь юу юм бол?

 

-Манай аймагт таван чиглэлээс бүх аймгаас зорчиж яваа автомашинууд дайран өнгөрдөг гол төв тулгуур. Холоос ирсэн жолооч нар манай нутаг руу орж ирэх үедээ ядардаг, үүрэглэдэг. Үүр хаяарч, нар гарах үеэр нойр нь хүрэх цаг мөч яг манай аймаг руу орж ирэхэд давхацдаг.  Тиймээс явуулын пост ажиллуулахыг зорьсон. Он гарснаас хойш нэг сарын хугацаанд зам тээврийн осол нэлээдгүй буурсан. Гэхдээ огт алга болчихоогүй. Тухайлбал Дундговь аймгийн замд нэгдүгээр сарын эхээр “Ланд крузер-80” маркийн автомашин онхолдож, жолооч амь насаа алдсан. Ослыг судлаад үзэхэд тухайн жолооч ядарсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хамгаалах бүс зүүгээгүйн улмаас амь насаа алдсан байна. Үүнээс хойш Хөшигтийн хөндий болон түүнээс цаашхи замд маш их осол гараад байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ хүсэлтийг ТЦА-нд танилцуулгаа хүргүүлсний дагуу  ЦЕГ, ТЦА-наас туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

-Цагдаа зогсоохоор хамгийн түрүүнд торгоно гэх бодол орж ирдэг. Гэтэл халуун аарц аяглаад угтахаар жолооч нар хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Даваан дээр зогсоод энэ ажлыг зохион байгуулахад жолооч нар маш таатай хүлээж авдаг. Нэг жолоочийг зогсоосон чинь бууж ирэхдээ торгуулийн хуудас барьчихсан “Өнөөдөр би торгуульчихсан” гэж билээ. Таныг дахиж торгохгүй, харин амрааж аюулгүй байдлын тань хангах гэж зогсоосон юм гэсэн чинь гайхаад байсан. Жолоочид халуун аарц өгөөд, яриа өрнүүлээд зогсож байхад “Та нарыг харахаар торгох нь л гэж боддог. Гэтэл халуун аарцаар дайлж байгаад маш их баярлалаа. Дахиж цагдаа харахаар би айхгүй” гээд хөдөлсөн. Энэ мэт олон сайхан эерэг хандлага үзүүлдэг юм.

 

-Жолооч нарт хандаж юуг захих вэ?

 

-Тээврийн хэрэгсэл гэдэг маш аюултай “зэвсэг”. Тийм болохоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой. Хамгаалах бүсээ зүүгээрэй. Мөн согтууруулах ундааны зүйл битгий хэрэглээсэй. Хамгийн чухал нь бага насны хүүхдийг тусгай зориулалтын суудалд тээвэрлээсэй гэдгийг маш их хүсч байна.

 

 

Бусдын бүтэн амьдралын төлөө нүд нь гархилж, сормуус нь цантчихсан гүйж яваа цагдаагийн алба хаагчид Хөшигтийн хөндийн замд таны, бидний аюулгүй байдлыг хангахаар бэлэн жагсчээ. Зорьсон ажил нь үр дүнд хүрч, зогсоосон жолооч бүрийн нойр нь сэргэж ээждээ, ханьдаа, үрдээ эсэн мэнд хүрэх болтугай. Түмэн олны энхийн төлөөх энэ ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжээсэй.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pujee:
Ta nartaa bayrlalaa bid oulgoh heregtei bna daa
2020-02-23
tsagdaa ch de:
ihenh tsagdaa bol hog... harin ene bol shal uur jinhene hunii tuluu... tsagdaa g hezee ene met bailgaj boloh ve
2020-02-23
Yasan ach buyantai humuus be...gerel gegee boltugai
2020-02-23
irgen:
saihan medee…iim umiig l hyseed heleed baihad toriinhon tag dylii suuna, er ni oron nutgiin zamd oir oirhon postuud baih estoi aimguud , hotuud zagdaagiinhaa oron toog nemeh heregtei , nohzol bololzoo huvzas heregsel heeriin zamd ajilladag zagdaa nariinh saijrah estoi baina, iim zagdaa darga nar olon boloosoi
2020-02-23
Миний цагдаанар ийм мундаг хүмүүс шүү дээ. Гэвч тэд нар минь бас ядардаг гэдгийг ойлгож тэдэнд минь бас л тусалж дэмжмээр байдаг юм даа. Нийтийн хэв журам сахиулах гэж гудамжинд өдөр шөнөгүй эргүүл хийж алхах, зам тээврийн хөдөлгөөн зохицуулах гэж өдөржин шөнөжин зогсох тийм ч амар ажил биш шүү дээ.Та нартаа амжилт хүсье. Бас эд нарыг минь хайрлаж дэмжээрэй гэж ард иргэдээсээ хүсье дээ.
2020-02-23