Азийн АШТ-ээс дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв
2-27

 

Чөлөөт бөхийн Ази тивийн 2020 оны аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо хоёрдугаар сарын 20-23-нд болж орон орны шилдгүүд хүч, ур чадвараа сорив.

 

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хүч үзсэн манай тамирчдаас М.Дөлгөөн, А.Батцэцэг, Э.Даваачимэг нар мөнгөн медалийн эзэд болж Э.Дэлгэрмаа, А.Номин-Эрдэнэ, З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртсэн юм. Манай эмэгтэйчүүд Энэтхэгийн нийслэлд аваргалж чадаагүй ч гурван мөнгө, нэг хүрэл медаль зүүж, гурван бөх тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнийг дуусгав.

 

Эрэгтэй бөхчүүдээс “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тивийн АШТ-ээс тавдахь медалиа зүүж, иж бүрэн медальтай Монголын анхны эрэгтэй бөх болж байна. Тэрбээр 1/4 шигшээд Пакистаны М.Анварыг 12:1-ээр, хагас шигшээд БНСУ-ын Нам Кун Жинийг 8:0-ээр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга Казахстаны Ю.Батырмурзаевт 0:10-аар ялагдсан юм. Харин 92 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа.

 

М.Цогтгэрэл 1/4 шигшээд БНСУ-ын Ли Сун Доныг оноогоор цэвэр (11:0) ялсан ч хагас шигшээд Японы Т.Оцүд 1:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Ч.Керимкуловыг оноогоор цэвэр (11:1) яллаа.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин