Иргэний үүргээ эрхэмлэсэн бүхэн ЭХ ОРОНЧ
2020-03-01

Жил бүрийн гуравдугаар сарын  нэгнийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг юм.  Тиймээс ч энэ тэмдэглэлт өдрийг улс  төрийн намууд, улстөрчид өөрсдөдөө  илүүтэй хамааруулж, “эх оронч нам, эх оронч улстөрч” гэж тодотгуулахыг хүсэмжилж ирсэн.

 

 

Ер нь эх оронч гэж хэн бэ гэдэг асуулт үргэлж тавигддаг.  Төр, засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, Сүхбаатарын талбайд олныг хамарсан жагсаал зохион байгуулж, эрх баригчдыг чанга дуугаар шүүмжилсэн иргэний хөдөлгөөнийхөн өөрсдийгөө эх оронч гэж “цоллож” байлаа.  Гэхдээ өөрсдийгөө эх оронч гэж тодотгосноор эх оронч хүн болчихгүй. Эх оронч үзэл  гэдэг нь төрөлх нутгаа хайрлах хайр гэж тодорхойлсон байдаг юм билээ. Тиймээс энэ тэмдэглэлт өдөр зөвхөн улс төрийн намуудад бус хэн бүхэнд хамааралтай байхаар. Гэвч хуулиндаа Монголд улс  төрийн хүчин байгуулагдсан өдрөөр  Эх орончдын өдөр гэж тусгаснаас энэ өдрийг улс  төрийн намууд “өмчлөлд шилжсэн” талтай.

 

МАН үүсэн байгуулагдсаны  ой, эх орончдын өдөр тохиож байна гээд одоогийн эрх баригч хүчин сүр жавхлантай тэмдэглэж,  их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, бөхийн барилдаан зохион байгуулдаг байлаа.  Энэ удаад дэлхий нийтийг цочроож байгаа халдвар тахлаас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн байдал зарласан үе тохиож байна. Тиймээс олныг хамарсан арга хэмжээ байтугай их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд  ч цэцэг өргөх ёслолын ажиллагаа явагдах нь хориотой. Эрх баригч хүчний удирдагч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан шийдвэрээ зөрчихгүй биз.  Ямартай ч МАН-ын дарга У.Хүрэлсүх МАН үүсэн байгуулагдсаны  99 жилийн ойн мэндчилгээгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Одоогоос 99 жилийн өмнө Ази тивд Анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй Эх оронч хүн бүрийн баярын өдөр юм.” гэжээ. УДШ-д бүртгэлтэй нийт 35 улс төрийн хүчин байдаг. Гэвч олон нийт дээрх улс төрийн хүчнүүдийн заримынх нь нэрийг ч сонсоогүй. Парламентад суудалтай эсэхээр улс төрийн намуудын чансаа харагддаг. Түүнээс бус хэн бүхэн эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу нам байгуулж тоглосноор эх оронч болчихгүй.  Үүнийг сонгуулиар л ичээнээсээ гардаг улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагаагаар нотолно. 


Харин өнөөдрийн  цаг үеийн тухайд энэ тэмдэглэлт өдрийг зөвхөн улс төрийн намууд, улстөрчдөд хамаатуулахгүйгээр иргэн бүртээ  эх оронч байхыг уриалах нөхцөл үүсээд байна.  Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 58 оронд тархаж, олон мянган хүн өвчилж, манай  төр, засаг ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Иргэн бүр дор бүрнээ ариун цэврийг чанд сахиж, амин дэмтэй хүнс хэрэглэж, амны хаалтыг байнга зүүж, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчихгүй хичнээн зүтгэснээр халдварт тахлаас холуур байна гэж ДЭМБ зөвлөж байна.  Үүнд иргэн бүрийн үүрэг , хариуцлага чухлаар тавигдаж байгаа билээ. Тиймээс иргэний үүргээ эрхэмлэн, ухамсарласан хэн бүхэн эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж байгаа эх оронч гэсэн үг. Тэр дундаа Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орончдын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, Монгол хүний төлөө нам, Миний монгол нам, Ард түмний олонхийн засаглал нам, Гэр хорооллын хөгжлийн нам.... гээд үйл ажиллагааны чиглэлийг нь мэдэхгүй ч нэрнээсээ уянгалсан улс төрийн хүчний гишүүд ээ, Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх төр, засгийн шийдвэрийг ягштал дагаарай. Эх оронч үзэл эрүүл байхаас эхэлнэ шүү.

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Haramsaltai ni janjin Syhbaatariin yeiin nam bish bolson….yahav yysel ni gehees, odoo onoodor ene namiig shudarga eh oronch gej helehed hezyy toriin ard tymnii horongiig terbum terbumaar ni huvaagaad idchiheed zygeer l suuj baina
2020-03-01