ЭМЯ: Таван хүн тусгаарлалтад, 335 иргэн ажиглалтад байна 
2020-03-02
Гэрэл зургийг MPA.mn

 

COVID-19 вирусийн тархалтын тохиолдол нийт 64 оронд бүртгэгдээд байна. Үүнээс Итали, Герман, БНСУ, Япон зэрэг оронд халдварын голомт эрчимтэй тархаж байгаа юм. ДЭМБ-аас гараа сайтар савандаж угаах, халдвагүйжүүлэлт хэрэглэх, амны хаалтаа зүүж хэвших зөвлөмжийг өгсөөр байна. Манай улсын иргэд энэхүү зөвлөмжийг сайтар сахиж байгаа нь бохир гараар дамждаг өвчлөл 1,3-2,9 дахин буурсан үзүүлэлтээ харагдаж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор 1739 шинэ халдвар бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 87137 болж, нас баралт 2977-д хүрчээ.  Итали Улсад тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдэж 1694-т хүрч нас баралт наймаар нэмэгдэж 34 болжээ. Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 978, нас баралт 54-т хүрэв. Иран нас баралтын тоогоор БНХАУ-ын дараагаар орж байна. Японд тохиолдлын тоо 239, нас баралт 5 болжээ. 

 

Манай Улсад халдвар бүртгэгдээгүй байгаа. Гэвч ХӨСҮТ-д өнгөрсөн хугацаанд 700 гаруй хүнийг ажиглалтад авч 200 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлэн тандалт, судалгаа, шинжилгээг хийгээд байна. 2020.02.29-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариунаас COVID-19 вирус илрээгүй. Одоогоор таван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээг хийж байна.  Мөн 2020.03.01-нд ХӨСҮТ-д ажиглалтад  8, Сэлэнгэ аймагт 13 нийт 21 хүнийг ажиглалтад аваад байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

 

Улсын хэмжээнд нийт 335 хүнийг ажиглалтад аваад байгаа аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин