COVID-19: Дэлхий даяар 2000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэв
2020-03-04

 

Хятадад анхлан дэгдсэн COVID-19 вирусийн тархалттай холбоотой цаг үеийн мэдээллийг ДЭМБ өгснийг Вести агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэг хоногийн дотор дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусээр халдварласан тохиолдол 1922-оор нэмэгдсэнээс 1792 нь Хятадад бүртгэгджээ. 

 

Ийнхүү хоёр мянга орчмоор нэмэгдсэнээр дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусээр халдварласан нь батлагдсан тохиолдол 90 870, үүнээс 80 304 нь Хятадад үлдсэн 10 566 нь бусад орнуудад ноогдож байгаа юм байна. ДЭМБ-ын мэдээлснээр халдварын улмаас Хятадад 2946 хүн нас барж, 166 хүн бусад орнуудад нас баржээ. 

 

Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн халдвар анх 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн. Өвчний дэгдэлт нэмэгдэхийн хэрээр бусад орнуудад халдвар тархсан бөгөөд одоогийн байдлаар халдвар авсан хүн хамгийн их байгаа улс орнууд нь Өмнөд Солонгос, Иран, Итали улс юм.

 

ДЭМБ өмнө нь мэдээлсэнчлэн, вирусийн тархалтын хэмнэл буурч байгаагийн дээр одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх 20 төрлийн вакциныг боловсруулж байна.

 

"Энэ өвчин шинэ вирусээр үүсгэгдсэн, дэлхий даяар хэн ч энэ өвчнөөс хамгаалагдах дархлаагүй гэдгээрээ  COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. Халдвар дэгдсэнээс хойш COVID-19 вирусийн халдвар авсан хүмүүсийн 3,4 хувь нь нас барсан. Харьцуулахад, улирлын томуугийн улмаас халдвар авсан хүмүүсийн 1 хувь орчим нь нас бардаг гэсэн дундаж үзүүлэлт бий" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адан Гебрейеус мэдэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин