COVID-19: Австралийн дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг тогтоожээ
2020-03-04

 

 

Австрали улс, шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Австрали руу хүмүүсийг нэвтрүүлэхийг хориглосон анхны улс орнуудын нэг байлаа. Одоогийн байдлаар тус улсад өвчлөлийн 41 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь Японы эрэг дээр зогссон Даймонд Принцесс хөлөг онгоцоос нүүлгэн шилжүүлсэн хүмүүс аж. 

 

Хэдийгээр тус улсад халдварын тоо эрс нэмэгдэхгүй байгаа ч нутгийн оршин суугчид цочролд орж,  хүнсний бүтээгдэхүүн  нөөцлөхөөр дэлгүүрийн лангуунуудыг хоосолж байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

Мөн ариутгагч, хувийн ариун цэврийн хэрэгслүүдийг ч олноор нь худалдан авч байгаагийн дотор ариун цэврийн цаасыг ч нөөцлөх болжээ. Нөлөө бүхий улс төрчид иргэдийг тайван байж, хэт их бараа нөөцлөхгүй байхыг уриалсан ч нөхцөл байдал тэр бүр өөрчлөгдөөгүй гэнэ. 

 

"Супермаркетуудаас бүх ариун цэврийн цаасыг худалдан авах нь ухамсарт үйлдэл биш гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээж байна" хэмээн Австралийн ерөнхий эмч Брендан Мерфи парламентын сонсголын үеэр мэдэгджээ. 

 

Мөн тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон ч энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхэд оролцон, томоохон нийлүүлэгчид эрэлтийг тасралтгүй хангах боломжтой гэж мэдэгдсэн байна.

 

Гэсэн ч энэ нь худалдан авагчдыг зогсоогоогүй тул зарим сүлжээ дэлгүүрүүд өөрсдийн зүгээс арга хэмжээ авах болжээ.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, тус улсын томоохон хүнсний сүлжээ дэлгүүр болох Woolworths гол нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах хэмжээг хязгаарлаж, нэг худалдан авагч дөрөв хүртэлх уут хүнс авахаар зохицуулсан байна. Хэдийгээр нийлүүлэгчид эрэлтийг хангах боломжтой ч ийнхүү агуулах дахь нөөцөө шавхахгүйн үүднээс ийм арга хэмжээ авчээ.

 

Харин  Costco-ийн салбар нэг уут  цаасыг нэг л хүнд өгч байгаагийн дээр өндөг, сүү, будаа, ариутгагч болон савангийн худалдаандаа хязгаарлалт тавьсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин