COVID-19: Гар барилгүйгээр мэндлэх арга санал болгож буй 10 орон
2020-03-05

Дэлхий даяар нэн аюулт өвчин тархсантай холбоотойгоор хүмүүсийг нэгэнтэйгээ мэндлэхдээ үнсэх, тэврэх, гар барихаас зайлсхийхийг зөвлөж байгаа. Ийм үед ойр дотныхон, танилтайгаа хэрхэн мэндчилэх вэ? 

 

Гар барихаас өөрөөр хэрхэн мэндчилэхийг дэлхийн олон оронд зөвлөж, өөр аргыг санал болгожээ. Шинэ төрлийн титэм вирусийн халдвараас зайлсхийхийн тулд улс орнуудад мэндчилгээ хэрхэн өөрчлөгдсөнийг Вести агентлагаас авсан эх сурвалжтайгаар сонирхуулъя. 

 

Хятад 

 

Бээжин хотод вирус тархаж эхэлснээс хойш иргэдийг нэгэнтэйгээ уулзахдаа гар барилцахгүй байхыг сануулж эхэлжээ. Чанга яригчаар иргэдэд сануулга өгөн, мэндчилэхдээ энэ улсын уламжлалт мэндчилгээ ашиглахыг зөвлөсөн байна. Энэ нь нэг гараа атган, нөгөө гарынхаа алгатай хавсрах мэндчилгээ юм. 

 

Түүнчлэн шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотод нэгэнтэйгээ мэндлэх хөгжилтэй арга олсон нь олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархсан бичлэг дээр дүрслэгджээ. Энэ бичлэг дээр залуус уулзахдаа хөлөөрөө мэндэлж байгаа нь харагдана. 

 

Франц

 

Францын хэвлэлүүд уулзах үедээ гар барихаас өөрөөр хэрхэн мэндлэх талаарх зөвлөгөөнүүдээр дүүрчээ. Энэ улсад эелдэг зангийн илрэл болгон албан ёсны хүрээнд гар барьдаг бол албан бус нөхцөлд хацар дээр нь үнсдэг юм. 

 

Харин дэлхий даяар шинэ төрлийн титэм вирус тархаж байгаа аюултай нөхцөлд дээрх мэндчилгээнүүдээс зайлсхийхийг зөвлөж байна. Мөн гар барих нь Дундад зуунд үүссэн, дэлхийн соёл дахь харьцангуй шинэ соёл гэдгийг шинжээчид онцолжээ. Ийм мэндчилгээний оронд амаар мэндлэж, инээмсэглэхэд л хангалттай гэж зөвлөсөн байна. 

 

Австрали

 

Австралийн Эрүүл мэндийн сайд Бред Хаззард хүмүүстэй гар барихын оронд нуруун дээр нь зөөлөн алгадаж мэндлэхийг зөвлөжээ. Мөн мэндлэхдээ нэгнээ үнсэхгүй байхыг уриалсан байна. 

 

Бразил

 

Энэ улсын Эрүүл мэндийн яам иргэддээ хандан уламжлалт мате ундаа уухдаа хэрэглэдэг төмөр соруулыг дундаа хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн мөн л уулзах үедээ нэгнээ үнсэхээс зайлсхийхийг зөвлөсөн байна. 

 

Герман

Германы Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер  өөртэй нь канцлер Ангела Меркель гар сунган мэндлэхэд нь гарыг нь барилгүй, өөдөөс нь инээмсэглэжээ. Энэ үйлдлээрээ тэд бусад иргэдийг ч мэндлэхдээ гар барихгүй байж халдвараас сэргийлэхийг уриалж байна гэж Германы хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Испани

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалт испани католик шашинтнуудын хамгийн гол уламжлалыг үгүй хийж мэдэх нь. Энэ нь улаан өндөгний баярын үеэр Гэгээн Мариягийн баримлыг үнсдэг уламжлал бөгөөд сүсэгтнүүд Гэгээн Мариягаас аврал эрэн, гар хөлийг нь үнсэхийн тулд урт дараалал үүсгэдэг аж.

 

Баяр хүртэл сар орчмын хугацаа үлдсэн, мөн энэ уламжлалыг ч хориглож магадгүй байна. Испанийн Эрүүл мэндийн яам энэ уламжлалыг хориглох нь халдвараас сэргийлэх нэн чухал арга хэмжээнүүдийн нэг хэмээн мэдэгджээ. 

 

Румын

 

Румынд хавар ирснийг илтгэх Мэрцишор баярыг тэмдэглэдэг бөгөөд энэ үеэр эрчүүд эмэгтэйчүүдэд бэлэг, цэцэг бэлэглэдэг.

 

Харин дэлхий даяар шинэ төрлийн вирус эрчимтэй тархаж байгаа энэ үед нэг нэгэндээ цэцэг, бэлэг бэлэглэхдээ үнсэхгүй байхыг Румыны эрх баригчид уриалжээ. 

 

Польш

Польш улсад католик шашинтнуудыг сүмд мөргөл үйлдэхээр ирэхдээ ариун усанд гараа дүрэлгүй, гагцхүү залбирал үйлдээд гарахыг уриалжээ. 

 

Иран

 

Иранд шинэ төрлийн титэм вирусийн улмаас  66 хүн нас барсан. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нэгэнтэйгээ мэндлэхдээ гараа халаасандаа хийж, амны хаалтаа авалгүйгээр тавхайгаараа мэндлэх "Ухань маягийн мэндчилгээ" мөн л түгжээ.

 

Арабын Нэгдсэн Эмират Улс 

 

АНЭУ болон Катар ард иргэддээ хандан "хамраа хүргэн" мэндэлдэг уламжлалт аргаас татгалзахыг зөвлөжээ. Мөн бусадтай уулзах үеэрээ гар барихгүй, ямар ч тохиолдолд үнсэхгүй байхыг анхааруулж, гагцхүү гараараа даллахад хангалттай гэж онцолсон байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин