COVID-19: Ираны дипломат таалал төгсчээ

Ираны дипломат, Парламентын гишүүн асан Хосейн Шейхолеслам шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас гуравдугаар сарын тавны өдөр 68 насандаа таалал төгссөн талаар IFP News мэдээллээ.
Тэрбээр Иран дахь Сирийн элчин сайд, Гадаад хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байсан аж.
Өмнө нь, гуравдугаар сарын хоёрны өдөр Ираны дээд удирдлагын дэргэдэх зөвлөх байгууллагын гишүүн Мохаммад Мирмохаммади шинэ төрлийн титэм вирусийн улмаас таалал төгссөн юм.
Энд дуулгахад, гуравдугаар сарын дөрөвний өдрийн байдлаар Иранд халдвар авсан хүний тоо 2992, нас барсан хүний тоо 92 болсон бол 552 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Тус улсад нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Иран дахь ДЭМБ-ын ажилтан, Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч нар ч өвчний халдвар авсан нь тогтоогдсон юм. Улмаар Ираны Парламент тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ