Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харважээ
2020-03-09

 

БНАСАУ Хамгён-Намдо мужийн Сондок хотоос Япон тэнгисийн зүгт гурван пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулсан байна.

 

"Манай цэргийнхэн дахиж пуужин харваж болзошгүй нөхцөл байдалд мониторинг хийж байгаагийн дээр зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байна" хэмээн Штабуудын дарга нарын хороо мэдэгджээ.

 

Энэ нь 2020 он гарснаас хойш Хойд Солонгос пуужин хөөргөсөн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь, гуравдугаар сарын хоёрны өдөр БНАСАУ алсын тусгалтай артиллерийн сургуулилалт хийсэн гэж мэдэгдээд энэ үеэр том калибрын тийрэлтэт системээр галлах буудлага хийсэн гэж онцолж байлаа. 

 

Энэ үеэр Хойд Солонгосын Вонсан хотын орчмоос тэнгисийн зүг хоёр пуужин харвасан нь 35 км өндөрт хөөрч, 240 км зам туулсан гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо мэдэгдэж байв.

 

Дашрамд дуулгахад, 2019 оны 12 дугаар сард БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун мэдэгдэл хийхдээ тус улс тун удахгүй шинэ стратегийн зэвсэг танилцуулна хэмээн онцолж байсан юм. 

 

Нэмэлт: 

 

Гуравдугаар сарын есний даваа гаригт БНАСАУ хөөргөсөн пуужингууд Япон тэнгис дэх Японы эдийн засгийн бүсэд хүрээгүй гэж тус улсын олон нийтийн телевиз мэдээллээ. 

 

Японы Засгийн газрын мэдэгдсэнээр Хойд Солонгосын хөөргөсөн пуужингууд баллистик пуужин байжээ. Ийнхүү БНАСАУ пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд бүхий л салбар яам, байгууллагуудад пуужин хөөргөсөнтэй холбоотой мэдээллийг яаралтай цуглуулан, дүн шинжилгээ хийх, орон нутгийн оршин суугчдад шаардлагатай мэдээллийг бүрэн өгөх, түүнчлэн тухайн бүс нутагт иргэний агаарын тээвэр, усан онгоцны аюулгүй байдлыг хангахыг тушаажээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин