COVID-19: Хятадад 17 хүн нас барж, 1297 хүн эдгэрчээ
2020-03-10

 

Хятадад шинэ төрлийн титэм вирусийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн нэг хоногт 17, халдвар авсан хүний тоо 19-өөр нэмэгдсэн бол 1297 хүн эдгэрсэн талаар ТАСС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад халдварын нийт тохиолдол 80 754 болсноос 59 897 нь эдгэрч, 3136 нь нас барсан байна. 

 

Хятадаас бусад улс орнуудын тухайд, АНУ-д титэм вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 605 болж 22 хүн нас баржээ. Жон Хопкинсийн их сургуулийн тооцоолсноор АНУ энэ төрлийн вирусийн халдвар авсан тохиолдлын тоогоор наймдугаарт бичигдэж байгаа бөгөөд жагсаалтын эхний долоод БНХАУ, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман, Испани орж байгаа гэнэ.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд учрах дарамтыг багасгах үүднээс АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа татварыг багасгах талаар Конгресстой хэлэлцэхээр болсон тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын Конгрессын дөрвөн гишүүн сайн дураар тусгаарлагдсан бөгөөд тэдний нэг нь Дональд Трамптай хамт нэг онгоцоор ниссэн гэж ВВС мэдээлсэн байна.

 

Вирусийн халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа улс орнуудын нэг болох Итали улсад хөл хорио тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус улсад дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл боловсролын бүхий л байгууллагуудыг хааж, олон нийтийн арга хэмжээг цуцлан, спорт клуб, зугаа цэнгээний газрууд, гоо сайхны салонууд болон цанын баазууд, соёлын байгууллагууд хаагдсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин