Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр тоглолтыг хойшлуулжээ
2020-03-10

 

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг гуравдугаар сарын 26-нд Тажикистан улсын шигшээ багтай, мөн тус тоглолтоос таван хоногийн дараа дэлхийн шилдэг багуудын нэг Япон улсын шигшээ манай улсад зочлон тоглох байлаа. 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эдгээр тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг гуравдугаар сарын 6-22-нд Катар улсад бэлтгэл хийх байсан ч Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу нислэгээ цуцлан Катар улсад хийх бэлтгэлийг хойшлуулсан юм.

 

Катарын хөлбөмбөгийн холбоо ч нөхцөл байдлыг ойлгож товлосон бэлтгэлийг хэдийд ч тус улсад хийх боломжтойг мэдэгджээ. Тиймээс дэлхий нийтийг цочроосон коронавирусын халдвар хурдтай газар авч байгаа энэ үед тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюултай нөхцлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос Азийн хөлбөмбөгийн холбоонд хүсэлт гаргасан юм. Азийн хөлбөмбөгийн холбоо ОУХБХ-нд хандаж, шуурхай хуралдсанаар өчигдөр албан ёсны шийдвэр гарлаа. Тус шийдвэрийн дагуу хуваарьт тоглолтоо хойшлуулах хүсэлт гаргасан холбоодын саналыг ОУХБХ болон АХБХ дэмжсэн бөгөөд хэзээ явагдахыг ОУХБХ болон АХБХ-ноос ойрын үед шийдвэрлэнэ. Харин тоглолтоо хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн холбоод ОУХБХ болон АХБХ-ны зөвшөөрөлтэйгөөр, эрүүл мэндийн бүхий л хэм хэмжээ шаардлагыг хангасан нөхцөлд, хоёр тал зөвшөөрсний үндсэн дээр тоглолтыг явуулах боломжтой гэлээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин