Амны хаалт хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Монголын иргэнийг саатуулжээ

Буриадын гаальчид 2000 орчим амны хаалтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Монгол улсын иргэнийг саатуулсан талаар Алс Дорнодын Гаалийн газрын хэвлэлийн алба Regnum агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол улсын иргэн 1910 ширхэг, нийт 5.2 кг жинтэй амны хаалтыг автомашиныхаа суудлын дор нуун хилээр нэвтрүүлэхийг оролдсон байна. Энэ үйлдэл нь Орос улсаас амны хаалт зэрэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргахыг түр хугацаанд хориглосон ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарснаас хойших анхны зөрчил гэнэ.
"Энэ хоригийн дагуу хувийн хэрэгцээнд зориулсан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглоогүй. Харин энэ тохиолдолд, Монгол улсын иргэн зарж борлуулах зорилгоор амны хаалт нэвтрүүлэхийг оролдсон гэдэг нь барааны тоо ширхэгээс илт байна" хэмээн Гаалийн газар мэдэгджээ.
Түүнчлэн Монгол улсын иргэн эрэгтэй энэ амны хаалтуудыг эх орондоо зарж борлуулахаар тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гаальчид түүнээс амны хаалтуудыг хураан авч, захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Энд дуулгахад, Оросын Засгийн газар амны хаалт, шүүгчтэй амны хаалт зэрэг эмнэлгийн хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг Оросын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох шийдвэрийг гуравдугаар сарын хоёронд гаргасан. Хориг энэ оны зургаадугаар сарын нэгэн хүртэл үйлчлэх бөгөөд хувийн хэрэглээнд ашиглах нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд хамаарахгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ