Автобусны ариутгал, цэвэрлэгээн дээр ажлын хэсэг тогтмол ажиллаж байна
3-11

 

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үүрийн 04:00 цаг хүртэл автобусны баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.

 

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлээгний явцын мэдээг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхэд тогтмол танилцуулж үүрэг чиглэл авч ажиллаж байгаа хэмээн албаныхан хэллээ.

 

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ "Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж  байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа.  Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Энэ эрсдэлтэй цаг үед нийтийн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай байгаа юм. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасч 190 орчим мянган зорчигч давтагдсан тоогоор нийтийн тээврээр зорчсон байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хичээж ажиллаж байна" гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Shuud.mn
Сонин хачин