ДЭМБ титэм вирусийн халдварыг "ЦАР ТАХАЛ" хэмээн зарлалаа
2020-03-12

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалт дэлхийн ихэнх орнуудад гарч, бүхий л тивийг хамарсан тул цар тахлын хэмжээнд очсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. 

 

"Бид өмнө нь титэм вирусээр үүсгэгдсэн цар тахалтай нүүр тулж байгаагүй. Мөн хяналтандаа оруулах боломжтой цар тахалтай ч тулгарч байсангүй. 114 оронд бүртгэгдсэн 118 мянган тохиолдлоос 90 гаруй хувь нь дөрвөн улсад л бүртгэлтэй. Хоёр нь Хятад болон Өмнөд Солонгос бөгөөд эдгээр улсуудад өвчилсөн хүний тоо эрс буурсан" хэмээн ДЭМБ мэдэгджээ.

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдэгдсэнээр COVID-19 вирусийн тархалтыг шинэ байдлаар ангилсан нь халдвар гарсан орнуудын эрх баригчдад өгөх  титэм вирустэй хэрхэн тэмцэхтэй холбоотой зөвлөмжийг өөрчлөхгүй гэнэ.

 

"Цар тахал хэмээн нөхцөл байдлыг үнэлсэн нь ДЭМБ-ын аюулын үнэлгээг өөрчлөхгүй. Энэ нь ДЭМБ болон бусад орнуудын хийж буй үйлдлүүдийг өөрчлөхгүй" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин