NBA-гийн улирлын тоглолтыг зогсоожээ
2020-03-13

 

Сүүлийн өдрүүдэд "covid-19"-ийн тархалт спортын ертөнцийг нөмрөн харанхуйллаа. Өчигдөрхөн Италийн “Ювентус”-ын хөлбөмбөгчин Д.Ругани халдвар авсан бол өнөөдөр “Женоа”-гийн М.Габбиадини нэмэгдэж байна. Мөн Английн “Лэстер”-ийн гурван хөлбөмбөгчийн биеийн байдал сэжигтэй буйг дасгалжуулагч нь зарлав. Итали, Испанийн лигийн тоглолтыг түр зогсоож, Английн лиг үзэгчгүйгээр тоглох шийдвэр гаргаад байна.

 

NBA-д “Юта Жаз”-ын хоёр од Руди Гобер, Донован Митчелл нар шинэ вирусын хохирогч болж, нөхцөл байдал хүндэрсэн учир улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаанд түр зогсоогоод байна. Түүнтэй залгаад MLS буюу Америкийн хөлбөмбөгийн лиг улирлын тоглолтоо зогсоов. Хөлбөмбөгийн Аваргуудын лиг, Европа лиг цааш үргэлжлэх эсэх нь бүрхэг байна. Ирэх долоо хоногт болох байсан “Реал Мадрид”-“Манчестер Сити”, “Ювентус”-“Лион”-ий тоглолтыг лав хойшлуулжээ. Энэ мэтчилэн спортын олон уралдаан тэмцээнийг хойшлуулах болон цуцлах шийдвэр гарсаар байгаа юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин