“Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнийг хойшлуулав
2020-03-13

 

 

Өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Лаловичаас Монголын чөлөөт бөхийн холбоонд албан захидал ирүүлжээ.

 

Захидалд энэ сарын 10-нд ДБНХ-ны Гүйцэтгэх хороо онлайнаар хуралдаж COVID-19 вирус олон улсад хурдацтай тархаад байгаагийн улмаас “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээнүүдийг хойшлуулах талаар ярилцлаа гэсэн байна. Мөн Унгар улсын Засгийн газраас онц аюултай байдлыг зарлан заал танхим дотор 100-гаас дээш хүн оролцсон аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул Будапешт хотноо зохион байгуулах байсан Европ тивийнхний эрхийн тэмцээнийг хойшлуулсан байна. Иймд Гүйцэтгэх хорооноос дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

 

 -Унгар улсын Будапешт хотноо зохиогдох Европын эрхийн тэмцээнийг зохиогдох газрыг өөрчлөлгүйгээр тавдугаар сар хүртэл,

 

-Марокко улсын Эль-Жадида хотноо зохиогдох Африк-Далайн орнуудын эрхийн тэмцээнийг зохиогдох газрыг өөрчлөлгүйгээр тавдугаар сар хүртэл,

 

-Болгар улсын Софи хотноо зохиогдох Дэлхийн эрхийн тэмцээнийг зохиогдох газрыг өөрчлөлгүйгээр зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулахаар шийдэв.

 

Азийн эрхийн тэмцээний талаар хараахан шийд гараагүй ч тавдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байна. Зохиогдох газрыг мөн ярилцаж байгаа гэжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо олимпийн наадмын эрхийн тэмцээнүүдийг бүрэн хангаж шударга явуулах үүднээс Олон улсын олимпийн хороотой байнгын харилцаатай ажиллаж байгаа бөгөөд тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд онцгойлон анхаарна хэмээн мэдэгдлээ. Тэвчээртэй байж, асуудлыг ойлгож хүлээн авч байгаад нийт багууд болон холбоодод талархлаа илэрхийлсэн байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин