Л.Мөнхтүшиг: БНСУ-д COVID-19 халдвар авсан Монголын нэг иргэн бүрэн эдгэрсэн
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

БНСУ-д хоёр монгол иргэн COVID-19 вирусийн халдвараар өвчилсөн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "БНСУ-ын Тэгү хотод байдаг Монгол Улсын иргэн 28 настай Б-д ханиадны шинж тэмдэг илэрсэн тул хоёрдугаар сарын 23-ны өдөр дүүргийнхээ эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан бөгөөд COVID-19 вирус илэрсэн. Гэхдээ тус улсын мэдээллэснээр вирусийн хэмжээ маш бага байсан тул уг иргэнийг гэрийн хорионд байх зөвлөмж өгч, эмчилгээ бичиж өгч буцаасан. Тухайн иргэн 14 хоног гэртээ тусгаарлагдсаны дараа гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд давтан хоёр удаа давтан шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан. Өнөөдрийн байдлаар тухай иргэн эрүүл саруул байна.
Манай улсын хоёр иргэн гэх мэдэлэл тархсан. Нэг иргэн нь БНСУ-ын Сөүл хотод байсан Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад хоёрдугаар сарын 25-ны өдрийн 17:40 цагт нас барсан тухай өмнө нь мэдээлж байсан. Энэхүү иргэн маань элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан гэдгийг тухайн улсаас мэдээлсэн. Тиймээс шинээр хоёр хүн халдварласан гэдэг мэдээлэлд автаж айж сандрахгүй тайван байж болно" гэлээ.
ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн 9 оронд COVID-19 вирус нэмж бүртгэгдэн өвчлөл дэгдсэн орны тоо 132 боллоо. Цар тахлын голомтын цөм нь европ тив болоод буйг ДЭМБ-ын ерөнхийлөгч мэдээлсэн. Шинээр халдварын 7499 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 342 хүн нас барж 4955-т хүрчээ. БНСУ-д хоногийн хугацаанд 110 тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байна. Манай оронд өвчлөл гарахгүй гэдэг хандлага маш их аюул дагуулж байгааг ДЭМБ-ын ерөнхийлөгч анхааруулсан" гэлээ.
Франц улсад 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 800-аар нэмэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээллэсэн байна. БНХАУ-ын дараах халдварт нэрвэгдсэн улс Итали, Иран болоод байна. Европ тивийн эдгээр улс нь эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжсөн орон боловч тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь анхаарал татаж эхэллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Манай улсын хувьд нэгдүгээр сараас хойш 1298 хүнийг тусгаарлан ажиглалтад авч хянасан байна. Өнөөдрийн байдлаар 637 хүн ажиглалтад байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Австрали, Франц улсаар зорчсон өгүүлэмжтэй гурван гэр бүлийн 13 хүнийг нэмж тусгаарласан.
Халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа учраас хөнгөн хүн 14 хоног, хүнд буюу маш хүнд хүн 3-7 хоног эмчлэгдэнэ гэсэн тооцооллоор эм, эмнэлгийн хэрэгслийг ханган ажиллаж байна. Хүчил төрөгч өтгөрүүлэгч, хүчил төрөгчийн баллоныг нэлээд хангаж байгаа. COVID-19 вирусээр өвчилсөн хүнд уушгины хүндрэл үүсч байгааг олон улсын сургамж жишээ харуулж байгаа учраас эдгээр хэрэгсэл нэн шаардлагатай гэж үзсэн" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ