COVID-19: ОХУ-д сургуулиуд хаагдаж, ахмадыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөв
2020-03-17

Хойд хөрш ОХУ-д шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой нөхцөл байдал эрчимтэй өөрчлөгдөж байна. Сүүлийн 24 цагийн туршид гарсан үйл явдал болон шийдвэрүүдийн талаар ТАСС, Regnum, ВВС агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

Орост титэм вирусийн халдварын тохиолдол 93 болсноос 86 нь зөөвөрлөгдөж ирсэн гэж Шуурхай штабын дарга Татьяна Голикова мэдэгдсэн байна. Хойд хөршийн нийслэл Москва хотод халдварын тоо 53 болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор хотын дарга Сергей Собянин задгай талбайд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, битүү орчинд 50-иас дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. 

 

- Москва хотын Их театр болон бусад театрууд өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоож байна. 

 

- Кино театрууд үйл ажиллагаагаа зогсоохоос татгалзсан бөгөөд одоо 50 -иас илүүгүй үзэгчийг нэг танхимд оруулах нөхцөлтэйгээр ажиллаж байгаа гэнэ.

 

- Европ, АНУ, Украин, Беларусаас ирсэн хүн бүр өөрийгөө 14 хоногоор тусгаарлах үүрэгтэй.

 

- Энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 12 хүртэл Москвагийн бүхий л дунд сургуулиудад хөл хорио тогтоожээ. Екатеринбург хотын сургуулиудад ч хөл хорио тогтоосон бол Петербургийн эрх баригчид сурагчдыг хичээлд нь явуулах эсэхийг эцэг эх нь шийддэг байхаар зохицуулалт хийсэн байна.

 

- Москва хотын дарга Собянин "шинэ төрлийн титэм вирусийн халдварт өртөх эрсдэлтэй"ахмад настнуудыг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. 

 

- ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 18-ны өдрөөс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд Орос руу гадаадын иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт тавьжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин