COVID-19: Төр дэмжихгүй бол АНУ-д ажилгүйдэл 20 хувьд хүрэхийг Мнучин анхаарууллаа
2020-03-18

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас төрөөс ямар нэг зохицуулалт хийхгүй бол АНУ-д ажилгүйдэл 20 хувьд хүрч болзошгүй талаар тус улсын Сангийн сайд Стивен Мнучин сенатчидтай асуудлыг хэлэлцэх үеэр онцолсон талаар Bloomberg  мэдээллээ. 

 

Мнучин эдийн засгийг дэмжих үүднээс нэг их наяд доллар гаргах санхүүжилт хийх талаар Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатчидтай хэлэлцэх үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн байна.

 

Bloomberg агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, ирэх сарын сүүлээр америкчуудад нийтдээ 250 тэрбум ам.долларын чек олгох, нөхцөл байдал хүндэрсэн хэвээр байвал дөрвөн долоо хоногийн дараа мөн ижил дүнгээр чек гаргахыг Сангийн сайд санал болгожээ.

 

Шинэ төрлийн титэм вирусээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар 2008 оны санхүүгийн хямралаас ч ноцтой байна гэж Мнучин өгүүлсэн байна. Тэр дундаа ажиллагсад, жижиг дунд бизнесийнхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол ажилгүйдэл эрс өснө гэж тэрбээр анхааруулсан байна. 

 

Өнгөрсөн сарын үзүүлэлтээр АНУ-д ажилгүйдлийн түвшин 3,5 хувь байсан бол цагийн ажлын хөлс жилийн дүнгээр гурван хувийн өсөлттэй байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин