COVID-19: АНУ-ын Конгрессын гишүүн халдвар авчээ

Америкийн Конгрессын гишүүн Марио Диаз-Баларт шинэ төрлийн титэм вирусийн халдвар авчээ. Өнгөрсөн бямба гаригт халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн бөгөөд үүний дараа шинжилгээ хийхэд COVID-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон байна.
Regnum агентлагийн мэдээлснээр, Бразилийн сенатын дарга Дави Алкулумбре ч мөн халдвар авсан байна. Түүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хөнгөн байсан бөгөөд хоёр дахь шинжилгээгээр титэм вирусийн халдвартай нь тогтоогджээ.
Энд дуулгахад, Дорнод Африк дахь арлын жижиг улс болох Маврикид анхны гурван тохиолдол бүртгэгдсэн бол Коста-Рикад вирусийн өвчлөлийн улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгджээ. Харин Турк улсад 61 настай эр өвчний улмаас нас барснаар тус улс дахь нас баралтын тоо хоёр болсон байна.
Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Италид өнгөрсөн хоногийн хугацаанд 500 орчим хүн халдварын улмаас нас баржээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 29 мянга болсон юм.
Францад хоногийн дотор 89 хүн нас барсан байна. Харин Германд өвчилсөн хүний тоо 1/3 хувиар нэмэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европын өмнө тулгарсан хамгийн том сорилт гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ.
Дэлхий даяар халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон орон хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал Серб улс сүүлийн 76 жилийн хугацаанд анх удаа хөл хорих цаг тогтоожээ. Энэ хоригийг зөрчвөл гурван жил хорих ял, харин хөл хориог зөрчвөл 12 жил хорих ялаар шийтгэх аж.
Одоогийн байдлаар дэлхий даяар 8,7 мянган хүн титэм вирусийн улмаас амиа алдсан бол 206 мянган хүн халдвар авч, 82 мянга гаруй хүн эдгэрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ