Хямралын үед эдийн засгаа дэмжих хойд хөршийн бодлого
2020-03-19

 

Нэн аюултай вирус анхлан Хятадад гарч, дэлхий даяар тархаж эхэлснээс хойш хэдийнэ гурван сарын хугацаа өнгөрчээ. 

 

Хүн төрөлхтөн өмнө нь нүүр тулж байгаагүй сорилыг даван гарах шаардлагатай болж, дэлхий бүхэлдээ хөл хорионд оров. Дэлхий даяар эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөний амь насыг аврахаар чөлөө завгүй ажиллаж байгаа бол улс орны удирдагчид эдийн засгаа сэхээнд оруулчихалгүй авч үлдэхээр ухаанаа уралдуулж байна. АНУ хямралтай тэмцэхээр нөөцийн сангаасаа хөрөнгө гаргаж, Франц жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөө батласан зэргээр Европын орнууд ээлж дараалан арга хэмжээ авсаар. Тэд цар тахлыг даван гарна гэдэгтээ нэгэнт итгэлтэй байж харин үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг байж болох хэмжээгээр багасгахын тулд ийнхүү дэмжих бодлого баримталж байгаа хэрэг. 

 

Эдгээр дундаас тухайлан, хойд хөршийн бодлогыг танилцуулъя. Цар тахлаас үүдэлтэй хямралын давалгааг зөөлрүүлэхээр ямар арга хэмжээ төлөвлөв? 

 

Оросын Засгийн газар болон Төв банк титэм вирус болон газрын тосны үнийн уналтаас үүдэлтэй үр дагаврыг бууруулах үүднээс эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдээ  гуравдугаар сарын 17-ны өдөр зарласан юм.

 

Цар тахлын улмаас хамгийн их хохирсон агаарын тээвэр, жуулчлалын салбарынхныг дэмжих

 

Аюултай вирус дэлхийгээр нэг тархсаны улмаас улс орнууд хөл хорио тогтоож, хилээ хаан, гадаадын иргэдийг нэвтрүүлэхээс татгалзаж, үндсэндээ дэлхий бүхэлдээ хорионд оров. Үүнээс хамгийн их хохирч буй салбар нь агаарын тээвэр, аялал жуулчлал юм. Дэлхий даяар агаарын тээврийн компаниуд асар их алдагдалд орж, зарим нь хаалгаа барьж байгаа талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байлаа.

 

Энэ нөхцөлд хойд хөрш чухамхүү энэ салбартаа онцгойлон анхаарахаар шийджээ. Энэ салбарынхны татвар төлөлтийг хойшлуулснаар энэ оны сүүл хүртэл аялал жуулчлалын компаниуд "Турпомощь" холбооны нөөцийн санд татвар шимтгэл төлөхгүй, хувийн хариуцлагын санд шимтгэл төлөхөөргүй болсон байна.

 

Мөн тээвэр, аялал жуулчлалын салбарын зээлдэгчдийн санхүүгийн байдлын үнэлгээг бууруулахгүйгээр ажиллахыг Төв банк арилжааны банкуудад зөвшөөрчээ. Мөн зээлийн бүтцийг өөрчлөх, хугацааг сунгахад төрөөс баталгаа гаргахаар болсон байна. 

 


Жижиг дунд бизнесийг дэмжих арга хэмжээнүүд 

 

Хямралын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс хөнгөлттэй зээл, баталгаат дэмжлэгийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэхээр болжээ. Мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын санхүүгийн байдлын үнэлгээг бууруулахгүй, зээлийн нэмэлт санхүүжилт олгох хөтөлбөрт бизнес эрхлэгчид хамрагдах боломжийг сайжруулах аж.

 

Худалдааны салбарыг дэмжих 

 

Худалдааны салбарыг дэмжих үүднээс энэ салбарын бизнес эрхлэгчдэд богино хугацаат хөнгөлттэй зээл олгон, импортын татварыг тэглэж, чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг ногоон коридор ашиглан нэвтрүүлэх арга хэмжээг өргөжүүлэхээр болжээ. 

 

Бусад салбарыг дэмжих хүрээнд :

 

ОХУ-ын Төв банк эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарт зээл олгох банкуудад тавигддаг шаардлагуудыг зөөлрүүлжээ. 

 

Засгийн газар улсын гэрээтэйгээр ажиллах нийлүүлэгчдэд дэмжлэг үзүүлж, түүхий эдийн бус экспортын хувьд валютын хяналтын арга хэмжээг мөрдөөгүй тохиолдолд торгууль ноогдуулахааргүй болсон байна. Мөн ач холбогдол бүхий компаниудын жагсаалтыг шинэчлэн батлах аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
сечин гэж дуракаас болж газрын тосныхоо үнийг унагасан даа
2020-03-19