“Токио-2020” олимпийн бамбар өнөөдөр Японд хүрэлцэн ирнэ
2020-03-20

 

Олимпийн бамбарыг “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хороонд (ЗБХ) шилжүүлэх ёслолын ажиллагаа Грекийн нийслэл Афин хотын "Панатинаик" цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо.

 

Грект коронавирусын тархалттай тэмцэх арга хэмжээ авсантай холбогдуулан энэ удаагийн ёслолыг цомхон зохион байгуулжээ. Грекийн талаас ёслолын ажиллагааг үзэгчид, сэтгүүлчдийн оролцоогүйгээр, хаалттай хаалганы цаана явуулсан бөгөөд цөөн тооны сэтгүүлч оролцов.

 

Грекийн олимпийн хорооны ерөнхийлөгч Спирос Капралос галт бамбарыг Японы усанд сэлэгч Наоко Имотод гардуулснаар “Токио-2020” олимпийн түүхийн нэгэн хуудас нэмэгдэв. “Атланта-1996” олимпод оролцож байсан Имото өдгөө Афин хотноо амьдардаг бөгөөд Грек дэх НҮБ-ын салбарт албаны даргаар ажиллаж байна.

 

Дэлхий дахиныг түгшээн буй коронавирусын халдварын улмаас галт бамбар шилжүүлэхэд Японоос албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй байх шийдвэрийг ёслолын өмнөх өдөр нь гаргасан юм. ЗБХ-ны ерөнхийлөгч Ёширо Мори, олимпийн гурван удаагийн аварга бөх Саори Ёшида, жүдоч Тадахиро Номүра нарын бүрэлдэхүүнтэй баг Афинд очиж чадаагүйдээ хүлцэл өчиж, дүрст мэндчилгээ илгээжээ. Японы нийслэл Токио хотноо энэ зун болох олимпийн наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод энэ сарын 12-нд асаасан билээ.

 

Уг ёслолыг мөн үзэгчгүйгээр зохион байгуулсан юм. Галт бамбарыг өнөөдөр (гуравдугаар сарын 20-нд) Японд Мацүшимагийн агаарын хүчний баазад залж авчрах бөгөөд бамбарын буухиаг 2011 оны аймшигт цунамид өртсөн Фүкүшима мужийн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээс гуравдугаар сарын 26-нд эхлүүлэх ажээ. Нийтдээ 121 хоногийн туршид Японы 47 мужаар галт бамбарыг тойруулан аялуулж, долдугаар сарын 24-ний үдэш Токиогийн “New National Stadium”-д бадамлуулах болно.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин