Б.Номулин: Гадаад шилжүүлгийн гүйлгээг шуудангийн илгээмжтэй адил хянах боломжтой болсон
2020-03-20

ХААН Банк дэлхийн топ банкуудын нэгэн адил олон улсын гадаад шилжүүлгийн SWIFT gpi системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ашиглаж эхэлснээр дэлхийн хаанаас ч, хэдийд ч хийгдсэн төлбөрийн мэдээллийг бодит цагийн горимд шууд харах боломжтой боллоо.  Өөрөөр хэлбэл, харилцагч гадаадын аль нэг орон руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулга нь хаана яваа, эзэндээ очсон эсэхийг лавлахад банкны ажилтан бүрэн дүүрэн шуурхай хариулт өгч чадна гэсэн үг юм. ХААН Банкны Үйл ажиллагаа, шинэчлэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Номулингаас энэ талаар тодруулж ярилцлаа.

 

 

-ХААН Банк SWIFT gpi системийг нэвтрүүлсэн анхны банк боллоо. Манай уншигчдад SWIFT gpi системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

 

-SWIFT gpi систем нь олон улсын гадаад шилжүүлгийн тогтолцооны цоо шинэ стандарт систем юм. Уг системийг 2017 онд SWIFT компаниас анх нэвтрүүлсэн. “Global Payment Innovation” буюу үе шаттайгаар үргэлжлэх төсөл хэлбэрээр хэрэгжиж буй ажил юм. Одоогоор дэлхийн 4000 гаруй банк уг сүлжээнд нэгдээд байна. Орчин үед цахим шилжүүлгийн хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж, илүү түгээмэл болж байна. Иймд олон улсын банкууд улс дамнасан шилжүүлгийн үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах үүднээс найдвартай, шалгагдсан банк хоорондын SWIFT сүлжээний боломжийг нэмэгдүүлэхийг ихэд дэмжиж байгаа юм. SWIFT компаниас санал болгож буй уг үйлчилгээг ашигласнаар гүйлгээний хурдыг сайжруулах, чанарыг хянах зэрэг олон давуу талтай.  

 

GPI төслийн гишүүнчлэлд элссэн банкуудад SWIFT системээр илгээсэн, эсвэл хүлээн авах гэж буй шилжүүлгийг лавлах боломж нь шуудангаар бараа илгээн, түүний тээвэрлэлт ямар явцтай байгааг хянадагтай адилаар харах бололцоотой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тухайн банкнаасаа гараад дараагийн дамжуулагч олон улсын банкинд хэдэн цагт очсон, цаг хугацаандаа дамжсан эсэх, хэдэн төгрөгийн шимтгэл хураамж суутгагдсан байна зэрэг мэдээллийг лавлах боломжийг олгож буй юм.

 

2020 оны 11-р сараас эхлэн гүйлгээ хүлээн авч, дамжуулагч банкууд гүйлгээг дамжуулсан эсэх, хэдэн цагт дамжуулсан мэдээллийг баталгаажуулж стандартын дагуу SWIFT системд хариу өгч, мэдээлж байх үүрэгтэй болох юм. Энэ үед бүхий л гүйлгээнд хяналт тавих боломж бүрдэнэ.

 

Цаашид ямарваа шалтгаанаар гүйлгээ буцаах хүсэлтийг шуурхай дамжуулснаар буцаагдаж буй гүйлгээнд мөн адил хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж байгаа.

 

-Энэхүү системийг нэвтрүүлснээр банк болоод харилцагчдад ямар давуу талтай вэ?

 

-Банк харилцагчдынхаа гадаад гүйлгээг илгээснийхээ дараа ажлын 2-3 хоногт эцсийн хүлээн авагчдаа хүрдэг гэсэн дүгнэлттэй байдаг юм. Өмнө нь харилцагч гүйлгээ нь эцсийн хүлээн авагчдаа очоогүй талаар санал гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд бид тухайн гүйлгээ саатсан эсэх тухай мэдэхээр гүйлгээ дамжуулсан болон дамжсан банк бүрээс төлөвийг лавлахаар хандан, хариу дамжиж ирэхийг 7-гоос дээш хоног хүлээдэг байсан. Харин одоо бол тухайн гүйлгээ саатсан эсэх, аль банкинд очсон зэрэг мэдээллийг нэн даруй SWIFT gpi системээс тодруулах боломжтой болсон.

 

Мөн түүнчлэн гүйлгээнд оролцож буй банкууд хэдий хэмжээний шимтгэл хураамж суутгаж буй мэдээлэл ил тод болсноор банк харилцагчдынхаа гүйлгээний зардлыг бууруулах үүднээс бага зардалтай банкуудаар дамжуулахад чиглэж ажиллах боломжтой болно.

 

Тэгэхээр манай банкны зүгээс бодит цагийн горимын дагуу бүхий л мэдээллийг нь авч, ажлын бус цагаар ч харилцагчдадаа цахим шуудангаар нь хүргэх боломжийг давхар бүрдүүлж буй юм.  Харин олон улсын банкуудын хувьд гүйлгээний хурдаа хэр хэмжээнд байна вэ гэдгийг мэдэх боломжтой. 2-р сарын хамгийн сүүлийн мэдээллээс хуваалцъя. Гишүүн банкуудын гүйлгээ дамжуулсан нийт хугацааг нь авч үзвэл, эхний харилцагчийн гүйлгээ шилжүүлсэн цагаас эцсийн хүлээн авагчийн дансанд орсон гүйлгээний 55 хувь нь 30 минутад багтаж байна. Энэ нь шилжүүлгийн валют, улс орны төлбөр тооцооны системийн тогтолцооноос шалтгаалан ялгаатай. Хамгийн удаан буюу нэг болон түүнээс дээш хоногийн хугацаа зарцуулсан гүйлгээний хувийн жин нь 6 хувийн үзүүлэлттэй байна.

 

 

-ХААН Банк иргэд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад гуйвуулгын лавлах үйлчилгээг илүү шинэ шатанд гаргасан гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ. Сүүлийн үед цахим гэмт хэргийн асуудал гарах болсон. Харилцагч хувийн и-мэйл хаягаа хакердуулан өмнөөс нь хэн нэгэн олон улсын гүйлгээ хийх, бусад руу мөнгийг нь шилжүүлэх зэрэг асуудлууд гарч байна. Иймд олон нийтийн дунд цахим гэмт хэрэг, залилангаас сэргийлэх аян идэвхтэй  өрнөж харилцагчдын хувийн мэдээллээ нууцлах, олон нийтийн сүлжээгээр ирж буй аливаа линк мэдээлэл дээр дарж орохгүй байх тухай мэдээлэл түгээж байгаа. SWIFT gpi системийг ашигласнаар хууль бусаар гэмт хэрэгтний данс руу шилжүүлсэн гүйлгээ дансанд нь хараахан очоогүй байлаа гэж бодоход харилцагч үүнийг нь мэдээд, хүсэлт гарган тухайн хууль бус гүйлгээг зогсоох бүрэн боломж мөн бүрдэх юм.

 

Манай банктай харилцагч олон улсын банкуудын 90 орчим хувь нь уг төсөлд нэгдсэн. Тэгэхээр харилцагч банкууд маань мөн цаг тухайд нь гүйлгээг дамжуулсан эсэх, гэрээний нөхцөл хангагдаж байгаа эсэхийг бид давхар хянаж үйлчилгээгээ улам сайжруулан хүргэхийг зорьж байна.

 

-ХААН Банкны хувьд гадаад гуйвуулгын гүйлгээний хурд хэр вэ?

 

-Бид харилцагчдынхаа гүйлгээг аль болох тухайн өдөрт нь эцсийн хүлээн авагчид очсон байхаар шуурхай илгээдэг. Өнөөдөр авсан гүйлгээг тухайн цагийн хязгаарлалтад нь багтааж цааш нь дамжуулдаг гэсэн үг. Харин хүлээн авч буй гүйлгээний хувьд манай систем 2017 онд бүрэн автоматжсан. Бид аливаа гүйлгээний мэдээллийг SWIFT сүлжээгээр хүлээн авсан л бол тэр даруйд нь харилцагчийн  дансанд хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь тухайн харилцагчийн мэдээлэл алдаа, зөрүүгүй байх шаардлагатай.

 

-Иргэд харилцагчид олон улсын гуйвуулгын талаар мэдээлэл лавлагаа авах шаардлага гарвал хаана хандах вэ?

 

-Харилцагчид маань банкны салбар нэгжүүдэд, харилцааны менежерүүддээ хандах боломжтой. Ажлын бус цагаар 22:00 цаг хүртэл манай Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандан хүсэлтээ өгөх боломжтой. Цаашид бид харилцагчидадаа гар утас, интернэт банк зэрэг цахим сувгуудаар гүйлгээний төлөвийг хүргэх, лавлах боломжийг бүрдүүлэхээр төслийн дараагийн үе шатуудыг эхлүүлэн ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин