COVID-19: Монголын иргэд 12кг амны хаалт хилээр нэвтрүүлэхийг завджээ
2020-03-20

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотойгоор олон оронд амны хаалтны хэрэгцээ хэд дахин өсч, мөн хомдсол нүүрлэх болсон. Тиймээс ОХУ 2020 оны зургаадугаар сар хүртэл амны хаалт, шүүгчтэй амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг бүтээгдэхүүнүүдийг ОХУ-аас гаргахыг хориглосон юм. 

 

Энэ шийдвэр гарснаас хойш Монгол улсын иргэд удаа дараа хууль бусаар амны хаалт их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдаад саатуулагдсан талаар бид өмнө нь мэдээлж байв. Амны хаалт ихээр гаргах гэсэн оролдлого дахин гарсан талаар Regnum агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Алтайн "Ташант" боомтоор Монгол улсын иргэд нийтдээ 12 кг жигтэй 4350 амны хаалт нэвтрүүлэхийг завдсан байна. Тэд зохих зөвшөөрөлгүй байсан тул Монголын иргэдийн эсрэг захиргааны зөрчлийн хэрэг нээжээ. 

 

"Амны хаалт нь Оросын Холбооны Улсаас зөөхийг түр хориглосон бүтээгдэхүүний жагсаалтад багтсан тул иргэдээс амны хаалтыг хураасан" хэмээн Ташант боомтын гаалийн байцаагч мэдээлжээ.

 

Энд дуулгахад, дэлхий даяар титэм вирусийн халдвар тархсан энэ нөхцөлд амны хаалт, хамгаалалтын хэрэгслүүдийн эрэлт эрс өссөн бөгөөд үүнтэй холбоотойгоор ОХУ, Казахстан улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хилээр гаргахыг хориглосон юм. 

 

Харин энэ хоригийг үл хайхран манай улсын иргэд Орос-Монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өмнө нь бүртгэгдэж байв. Хориотой бараа бүтээгдэхүүнийг журам үл хайхран хилээр нууж гаргахыг завдвал тухайн бүтээгдэхүүнийг улсын орлого болгохын дээр захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн, мөнгөн торгууль ноогдуулах зэрэг шийтгэл ноогдуулдагийг иргэддээ анхааруулж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин