Д.Нямхүү: Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ын газрын дарга н. Нарангэрэл:
-Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 184 оронд коронавирусийн халдвар гарчээ. Африк болон европын оронд өвчлөл хэвээр байна. Үйлдвэр, худалдааны байгууллагад хоёр метрийн зайд харилцах тэмдэглэгээ хийх хэрэгтэй. ЭМЯ-наас өгч байгаа энэ уриалгыг дэмжиж ажиллахыг хүсье гэлээ.
ЭТҮГ-ын дарга н.Буянжаргал:
-Өнөөдрийн байдлаар 3115 хүн тусгаарлагдаж, ажиглалтад орсон. Бид урьдчилан бэлтгэсэн сувилал, амралтын газар, зочид буудалд тусгаарлалтад байна. Баян-Өлгий аймагт 365, Сэлэнгэ аймагт 196 хүн тусгаарлагдаж байгаа. Орхон аймагт 144 хүн тусгаарлагдсан. Хилийн боомтуудтай Дорнод, Өмнөговь, Хөвсгөл зэрэг аймагт ажиглалтад авч, тусгаарлаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ хуралдаанд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл бодит байдал, арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл хийж байгаа.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
-2020 оны гуравдугаар сарын 15-нд Сөүл, Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 иргэдийн шинжилгээний хариу дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Урьд нь 89 хүний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. энэ бол сайн, эерэг мэдээ юм. Өчигдөр ХӨСҮТ-д болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдолд илрээгүй. Энэ мөн сайн мэдээ юм. Харин өчигдөр 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан. Уушгины хатгалгаагаар өвдсөн хүмүүсийн шинжилгээний хариуг гаргаж, тандахад коронавирус илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Хоёр өвчтөний биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байна. Бидний эмчилгээний тактик зөв байна. Өнөөдрийн байдлаар сайхан мэдээ өгч байгаадаа би бас их баяртай байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ