COVID-19: Канцлер Меркель гэртээ тусгаарлагдахаар болжээ
3-23

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон эмчтэй саяхан харилцсаны улмаас ХБНГУ-ын канцлер Ангела Меркель гэрээр тусгаарлагдахаар болсон талаар Германы сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

"Канцлерт баасан гаригт урьдчилан сэргийлэх тарилга хийсэн эмч титэм вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар канцлерт мэдээлсэн. Улмаар канцлер нэн даруй гэртээ тусгаарлагдахаар шийдсэн" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, ойрын үед Ангела Меркель титэм вирусийн шинжилгээ өгөх гэнэ. Мөн хэдийгээр гэртээ тусгаарлагдсан ч албан үүргээ гүйцэтгэнэ гэж сайд нарын танхимын төлөөлөгч мэдэгджээ.

 

Энд дуулгахад, ням гаригийн үдэш Меркель хэвлэлийнхэнд хандан шинэ төрлийн титэм вирусийн халдвартай тэмцэх шинэ арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

 

Шинээр авах арга хэмжээнүүд дотор хоёроос дээш хүн нэг дор цугларахыг хориглож байгаа бөгөөд энэ нь гэр бүл болон нэг гэрт хамтдаа амьдардаг хүмүүст хамаарахгүй юм байна. Бусад хүмүүстэй аль болох харьцахгүй байх, олон нийтийн газарт бусад хүмүүсээс 1,5 метр зайтай харилцах бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнд цагдаа болон захиргааны байгууллагууд хяналт тавих гэнэ.

 

Германд улсын хэмжээний хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Хүмүүс зугаалж, агаарт спортоор хичээллэн, талбай, цэцэрлэгт хүрээлэнд очиж болох гэнэ. Гэхдээ мужууд өөр өөрийн хориг, хязгаарлалтын арга хэмжээ авсаар байна. Тухайлбал Гессенд гудамжаар хоёулаа биш зөвхөн ганцаараа явахыг зөвшөөрсөн бол Саксонд даваа гаригаас эхлэн хөл хорио тогтоосон байна. Харин Бавари мужид  өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхлэн хөл хорио тогтоожээ.

 

Мөн улс даяар зоогийн газар, үсчин, гоо сайхны салонуудыг хаасан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин