"Оросын шуудан" Монгол зэрэг 15 улсруу шуудан илгээхийг түр зогсоов

"Почта России" буюу "Оросын шуудан" олон улсын шуудан боловсруулах ажлыг түр хугацаагаар зогсоосон улс орнуудад хаяглагдсан олон улсын илгээмжийг хүлээн авахаа зогсоож байгаа талаар тус компанийн хэвлэлийн алба мэдэгдсэнийг ТАСС дамжууллаа.
"Энэ төрлийн улс орнууд руу одоогоор илгээмж явуулах боломжгүй. Хязгаарлалтын арга хэмжээнд Монгол, Кувейт, Ливи, Перу, Молдав, Шри-Ланк, Тунис, Кайманы арлууд, Полинез, Ливан, Филиппин, Мальдив, Пасхи арлууд, Мьянмар, Эквадор орнууд хамаарна. Эдгээр улс орнууд шинэ төрлийн титэм вирусийн тархалттай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд илгээх, хүлээн авах шууданг боловсруулах ажлыг түр зогсоосон юм" хэмээн Оросын шуудан компанийн хэвлэлийн алба мэдэгджээ.
Дээрх улс орнуудад хязгаарлалтыг цуцалж, үйл ажиллагаагаа сэргээвэл энэ улс орнууд руу шуудан илгээх ажил хэвийн болох гэнэ. Мөн илгээмжээр дамжин титэм вирус халдварласан тохиолдол нэг ч гараагүй гэж "Оросын шуудан" компани онцолсон байна. Түүнчлэн шуудан илгээмжээр вирус дамжих боломжгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч мэдэгдэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ