Намуудын сонгуулийн БЭЛТГЭЛ үргэлжилж байна
2020-03-23

 

Улс төрийн намууд 2020 оны сонгууль хэрхэн оролцохоо зарлаж, эхнээсээ тодорч, тодорхой болоод эхэллээ.

 

Хуулийн хугацааны дагуу энэ өдрүүдэд сонгууль оролцох улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн, батлахаар  яаравчилж байна.   Цар тахлын хүрээгээ тэлж,   дэлхийн улс орны 90 хувийг хамарсан энэ цаг хугацаа манай улсын төрийн ээлжит сонгуулийн жилтэй давхцаж байгаа. Тиймээс ч олон нийтийн дунд сонгуулийн хойшлуулах магадлалтай гэсэн эргэлзээ үүссэн. Харин улс төрийн хүчнүүдийн тухайд сонгууулийн цаг хугацааны хуваарийн дагуу бэлтгэл ажлаа хийсээр байна. Тэр дундаа ирэх сонгуульд өрсөлдөж, парламентад суудал авах чин зорилготой гуравдагч хүчнүүдийн тухайд  сонгуулийг хойшлуулах талаар бодохыг ч хүсэхгүй байгаа биз.

 

МАН-ын бага хурал цахимаар хаалттай явагдах юм. МАН-ын бага хурлын 369 гишүүн 38 байршлаас цахим хурлаа зохион байгуулахаар болжээ. Эрх баригчид МАН мөрийн хөтөлбөртөө орон нутагт малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, тэтгэврийн реформ хийх, орон сууцны хөтөлбөрийг үргэлжүүлэх талаар тусгахад гол ач холбогдлоо өгч байгаа гэнэ. Ер нь орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах талаар улс төрийн намууд сонгууль бүрээр мөрийн хөтөлбөртөө тусгасаар ирсэн. Харин хэрэгжилтийн тухайд жижиг дунд үйлдвэрүүд ерөнхийдөө хөгжсөн ч малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах асуудал шийдлээ олоогүй  ирсэн. Харин тэтгэврийн реформыг хуулиар шийдвэрлэн батлахаар төсөл нь ч эрх баригчдад бэлэн байгаа биз. Орон сууцны хөтөлбөрийн тухайд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээд явж байгаа  төрөөс хэрэгжүүлж байгаа тасалдаагүй бодлогын нэг.  Ямартай ч эрх баригчид мөрийн хөтөлбөрийн төслөө өнөөдөр хэлэлцэн батлахад дээрх  саналууд тусгагдахаар байна.

 

Харин Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XI хуралдаан өнгөрсөн бямба гаригт цахимаар явагдсан. Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө  тусгажээ.  Мөрийн хөтөлбөрт иргэдээс санал авах аяныг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийгмийн бүх төлөөллийг хамруулж, 30 орчим мянган иргэн, ТББ-ын зүгээс саналаа ирүүлсэн байна.

 

Мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа ахалж, Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны зорилтыг эрэмбэлжээ. Иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэж үзэж байгаагаа ажлын хэсгийнхэн онцолж байгаа юм.

 

Тэгвэл парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл болох МАХН-ын VIII бага чуулганаа цахимаар хуралдууллаа. Тус нам УИХ-ын сонгууьд  МАХН Иргэний зориг ногоон нам, Уламжлалын нэгдсэн намтай эвсч “Та, бидний эвсэл-МАХН-ИЗНН-МУНН” болоод байгаагаа зарласан. Тус эвсэл мөрийн хөтөлбөртөө иргэний эрх ашигт үйлчилсэн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох, өрх гэр бүлийг бүх талаар дэмжиж, төр, засгийн байгууллагын тогтолцоог сайжруулахаар зорьжээ.  

 

Ийнхүү улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулан хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ сонгууль улс төрийн нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид тойргоо анхаарч, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ч үйл ажиллагаа чимээгүйхэн үргэлжлүүлсээр байгаа юм.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
An nam ajliin bair ajilguidel gej bitgi amlaarai.buh uidverjiltiig ustgaj ajilchin angiig dord uzdeg.hulgaich nar
2020-03-23