Л.Наранбаатар З.Энхболдыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргав
2020-03-23

 

Эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь АТГ, ТЕГ-т хандаж, З.Энхболдыг иргэний хувиар шалгуулах хүсэлтээ гаргасан. Тэрбээр З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг гэх гурван хүн нэгдмэл ашиг сонирхолтойгоор бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийг АТГ-т шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдэж байв.

 

Энэ удаад З.Энхболд болон түүний төрсөн дүү З.Хишигтогтохтой холбогдох мэдээллийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргасан бөгөөд гуравдугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн байна.

 

Эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь /2020.03.13/ З.Энхболд “Страто”, “Хишиг арвин индустриал” болон “Суруга Монгол” компаниудтай холбоотой гэсэн мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлдээ “Улс төрийн нөлөө бүхий хүмүүс Япон улсын иргэнийг хилсээр яллаж хөөж явуулаад “Суруга Монгол” ХХК-ийг дээрэмдэж авсан. Тэр компанийн эзэмшиж байсан газар дээр “Хүннү 2222” гэдэг хороолол боссон. Энэ хорооллын таван орон сууцны наймдугаар давхрыг тэр чигт нь З.Энхболдын төрсөн дүү авсан байна. Энэ байруудын үнэлгээ нь 4-5 тэрбум төгрөг хүрнэ. Тэр хүн ямар мөнгөөрөө ийм их байр авсан асуудлыг хуулийн байгууллагуудаар шалгуулж тогтоолгоно.

 

З.Энхболд гэдэг хүн Монголын нийт ард иргэдэд очих ёстой ашгийг ганцаараа сорж байгаа учраас би тэр хүнийг шалгуулах хүсэлтээ гаргаж байна. Хоёрдугаар З.Энхболыг хаана  нэр дэвшинэ, би тэр тойрогт нь өрсөлдөнө” хэмээж байсан юм.

 

 

Харин Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан гомдолдоо “Монголын улстөр, бизнесийн бүлэглэл Суруга Монголын захирал, Япон улсын иргэнийг хар тамхи хэрэглэсэн гэх зохиомол хэрэгт унагажээ” гэх нийтлэл soning.mn сайтад 2013 оны 3-р сарын 12-ны өдөр гарсан байх бөгөөд тус нийтлэлд 2012 оны 04-р сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал, Япон улсын иргэн, 67 настай, Цүнэяки Хараг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгасан ч хожим нь Хан-уул дүүргийн шүүхээс гэм буруугүй болохыг нь тогтоосон тухай бичсэн байна. Тухайн үед “Суруга Монгол” ХХК-ийн "Дөрвөн улирлын цэцэрлэг" гэх орон сууцны төслийн газрыг нэр бүхий улс төрч, бизнесмэн дээрэмдэх зорилгоор уг ажлыг зохион байгуулсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан бөгөөд Цүнэяки Хара нь бизнесээ зарж, яаран нутаг буцсан байдаг. 

 

Гэтэл тус газарт “Хүннү-2222” орон сууцны цогц хороолол баригдсан байх бөгөөд 101-118 дугаар байрнуудын 8-р давхарт, нийт 1391,6м2 талбай бүхий орон сууцыг нийт 58,2 м2 талбайтай авто зогсоолын хамт УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, өдгөө АН-ын даргын зөвлөх З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хувьцаа эзэмшиж байсан “Эм Жэй Ти” ХХК өмчилдөг нь  үл хөдлөн хөрөнгийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Тус үл хөдлөх хөрөнгийг З.Хишигтогтох ямар санхүүгийн эх үүсвэрээр, хэзээ, хэрхэн шилжүүлж авсан, мөн энэ нь түүний ах З.Энхболдтой холбоотой эсэх, үүнд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг  шалгаж, олон нийтэд ил тод мэдээлэл өгөхийг хүсье” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ залуу солиорсон байxап
2020-03-23
Миигаа:
Солиотой гар
2020-03-23
зөвөө зөв
2020-03-23