COVID-19: Британи хорионд оров

img

 

Дэлхий даяар тархсан титэм вирусийн халдвар Европ тивд илүү хурдацтай тархаж байна. Өмнө нь өвчний голомт Хятадад байсан ч Азийн энэ улс халдварын оргил үеийг даван гарснаа мэдэгдсэн бол өдгөө Итали COVID-19 вирусийн дэгдэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм. 

 

Европын бусад улс орнуудад ч байдал сайнгүй байна. Тухайлбал, Англид өнгөрсөн ням гаригаас хойш титэм вирусийн халдвараар үүсгэгдсэн өвчний улмаас 47-105 насны 46 хүн нас баржээ. ВВС агентлагийн мэдээлснээр, нас барсан хүмүүс бүгд архаг хууч өвчинтэй байсан гэнэ. Их Британид нийтдээ 83945 шинжилгээ хийснээс 6724 титэм вирусийн халдвар батлагджээ. 

 


Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэн үед тахалтай тэмцэх зорилгоор хатуу арга хэмжээ авахаар болсон байна. Энэ талаар Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэнийг ВВС дамжууллаа.

 

"Вирусийн тархалтыг сааруулах нь нэн чухал. Ингэснээр бид эмнэлэгт хандах хүмүүсийн тоог багасгаж, аль болох их хүнийг аврах боломжийг эрүүл мэндийн салбартаа өгнө" хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. 

 

Шинээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд, даваа гаригаас эхлэн хүмүүсийг зөвхөн хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авах, биеийн тамирын дасгал хийх, эмнэлгийн тусламж авах, ажилдаа явах гэсэн шалтгаанаар л гэрээсээ гарахыг зөвшөөрсөн байна.

 

Хүнсний бүтээгдэхүүн болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн борлуулах дэлгүүрүүдээс бусад худалдааны цэгүүдийг хаажээ. Мөн хоёр болон түүнээс дээш хүн нэг дор цугларахыг хориглосон бөгөөд үүнд гэр бүлийн гишүүд хамаарахгүй аж.

 

Дээрх журмуудыг зөрсөн этгээдийг цагдаагийнхан торгох юм байна.

 

"Маш энгийн. Өнөө оройноос эхлээд та гэрээсээ гарахгүй байх үүрэгтэй. Учир нь энэ нэн чухал. Бид өвчнийг цааш тархаахгүй, тогтоон барих ёстой. Тиймээс нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худлдан авах, өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийх, эмнэлгийн тусламж авах, зайлшгүй шаардлагаар буюу гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа явах гэсэн шалтгаанаар л гэрээсээ гарна. Ингээд л боллоо" хэмээн Жонсон мэдэгджээ.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүмүүс ихээр зугаалж, хоорондоо зай барих талаар огт ойлголтгүй байсан гэнэ. Харин одоо бүхий л спортын болон хүүхдийн тоглоомын талбай, шашны байгууллагууд хаагдсаныг Жонсон мэдэгджээ. Мөн оршуулгаас бусад хурим, загалмайлах ёслол зэрэг бүхий л ёслолын ажиллагааг хориглосон байна. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Манай хүрэлсүхээс дор нөхөр дөө
2020-04-28
ОРОЙТСОН БӨЛГӨӨ`
2020-03-24