Ш.Батдэлгэр: Халдваргүйтэл хийсний дараа заавал цэвэр усаар арчих хэрэгтэй
3-25

 

Хавар болжээ. Урин цаг ирж, газар гэсч ,хөлдөж, царцсан бохир ус хайлмаглан , ууршиж эхэлжээ. Гэтэл  энэ хавар урьд жилүүдээс илүү түгшээж байна. Учир нь коронавирус дэгдэж дэлхий нийтээрээ тэмцэх болсон. Манай улсын тухайд тэр дундаа нийслэл хотноо оршин суугаа иргэдийн 50 хувь нь гэр хороололд  амьдардаг. Гэр хорооллын гуу жалгаар урсаж хөлдсөн бохир ус хайлж, олон бактер агаарт дэгдэж  өвчин үүсэх гол нөхцөл болдог. Тэгвэл улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамны шийдвэрээр  бүх нийтийн халдваргүйжүүлэлтийн 14 хоногийн аян зарлаад байгаа юм. Энэ аяны хүрээнд олон нийтийн зам талбай, гудамжуудаар ариутгал хийж байна. Гэсэн ч  иргэд үүрэг хариуцлагаа ухамсарлаж хэрхэн гэр ахуйн нөхцөл, оршин байгаа газраа, зөв  халдваргүйжүүлэлт, ариутгал хийх талаар НЭМҮТ-ийн доктор Ш.Батдэлгэрээс  тодрууллаа.

 

-Гэр хороолол, жорлон, бохир усны нүх, хөрс  гадаад орчны нөхцөлд ариутгал хэрхэн хийх вэ?    

 

-Хаврын улирал эхлэхэд ялаа шумуул үржих нөхцөл бүрддэг учраас аль болох оршин суугаа газраа  халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байвал сайн. Гадаа  болон  гэрийн дотоод орчинд ч гэсэн тодорхой хэмжээгээр халдваргүйжүүлэлт хийж байх нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд зөв арга юм.  

 

Жорлон болон бохир усны цооног, бохирдсон хөрсийг халдваргүйжүүлэхдээ гипохлорит кальцийн 2-оос 3  процентийн сүүн  уусмал хэрэглэж болно. Харин халдварт өвчин дэгдэх эрсдэл өндөр байгаа үед гэртээ өдөр бүр тогтмол  халдваргүйжүүлэлт хийж байвал сайн. Халдваргүйжүүлэх уусмалыг бэлтгэхдээ амны хаалт,  нүдний шил, резинэн бээлий зэрэг ажлын хувцас өмсөж уусмалаа бэлтгэх хэрэгтэй. Халдваргүйжүүлэх уусмал бэлтгэхэд  халуун бүлээн усанд найруулдаг учраас тодорхой хэмжээний урвал явагддаг бөгөөд зарим нэгдэл нь агаарт дэгдэж уусмал бэлтгэж байгаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Ялангуяа нүд загатнах, хоолой ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрдэг тул заавал хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

 

-Гэр хорооллын  айлын нүхэн жорлонг халдваргүйжүүлэх?

 

-Нүхэн жорлон, бохир усны нүхийг мэргэжлийн байгууллагаас өгсөн зааврын дагуу халдваргүйжүүлэх хэрэгтэй. Халдваргүйтгэлд хэрэглэх бодис нь мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй, дүгнэлттэй байхаас гадна чанарын шаардлага хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хугацаа дуусаагүй чанартай бодисыг хэрэглээрэй гэсэн үг. Халдваргүйжүүлэх бодисын идэвхтэй хлорын агууламж нь зохих хэмжээндээ хүрээгүй тохиолдолд халдваргүйтгэл үр дүнгүй болно. Тухайн бодисыг үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг нь бичсэн шошготой, хэрэглэх заавар нь тодорхой байгаа эсэхийг сайтар анхаарвал зохино. Гипохлорит кальци, жавелион, хлорсепт-17 гэсэн бодисуудыг ихэвчлэн халдваргүйтгэлд хэрэглэдэг.    

 

-Орон сууцны нөхцөлд халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?

 

Орон сууцанд амьдардаг иргэд ч гэсэн жорлон, угаалгын өрөө болон тавилга, шал, хаалга зэрэг хатуу гадаргууг  тогтмол  халдваргүйжүүлж байвал сайн. Эхлээд цэвэрлэгээний материалаар бүх өрөө, тасалгаа, шал, ширээ, сандал, хаалга, цонхны тавцан зэргийг угааж цэвэрлэсний дараа халдваргүйтэл хийнэ.  Гэрийн нөхцөлд ахуйн хэрэглээний белизнаг хэрэглэж болно. 1 литр усанд 15 мл орчим белизна хийж, энэ усаараа хатуу гадаргууг арчиж халдваргүйжүүлнэ. 20-30 минутны дараа дахин цэвэр усаар арчих хэрэгтэй, ялангуяа бага насны хүүхэдтэй айлууд халдваргүйтэл хийсний дараа заавал цэвэр усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй, учир нь хүүхдүүд хатуу гадаргууд хүрсэн гараа амандаа хийх, хуруу, хумсаа мэрэх зэргээр химийн бодист өртөх эрсдэлтэй.

 

Ариун цэврийн өрөө, тосгуур, жорлон зэргийг белизнагийн уусмалаар халдваргүйжүүлнэ. Гал тогооны, зочны, хүүхдийн өрөөнүүдэд өмнө нь хэлсний дагуу эхэлж цэвэрлэгээ хийж, дараа нь халдваргүйжүүлнэ.  Гэхдээ хүүхдийг заавал өөр өрөөнд оруулсны дараа хүүхдийн өрөөнд халдваргүйтэл хийж, 20-30 минутний дараа цэвэр усаар дахин арчиж цэвэрлээд, өрөөний цонхийг нээж агаар оруулсны дараа хүүхдээ өрөөнд нь оруулж байгаарай гэж хэлмээр байна.

 

Хүүхдийн тоглоомыг хүнсний сод, давс, лимоны уусмалаар халдваргүйжүүлж болно. Нэг литр бүлээн усанд 20 грамм сод эсвэл давсны аль нэгийг хийж, сайтар хутган уусгасны дараа хүүхдийн тоглоомыг хийж 15-20 минут байлгана.  Тоглоомыг цэвэр усаар зайлж хатаана. 

 

Өдөр бүр амьдарч байгаа орчноо цэвэрлэж, халдваргүйжүүлж байвал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Олон түмэн бид чинь байдгаараа хичээж бна. Харин голомтоос хүн зөөвөрлөх шийд гаргаад бгаа хүмүүсийг ердөө ч ойлгохгүй бна.
2020-03-26
irgen:
orchin toirnoo zeverlehgui bainag bohir baidag gazruudad arga hemjee avch torgoj baih heregtei….dendyy archaagui byyr surchihsan hogon dundaa amdraad
2020-03-25