Давтан шинжилгээгээр халдвартай иргэдийн ойрын хавьтлын 71 хүнээс вирус илрээгүй
13 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 201 орон, бүс нутагт COVID-19 халдвар бүртгэгджээ. Коронавирусийн хоёрдахь давалгаанд идэр насны хүмүүс ихээхэн өртөж, өвчилж байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.

 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Халдварын цар тахал маш эрчимтэй явагдаж дэлхийн хагас сая хүн өвчилж авч, 20 гаруй мянган хүн амь насаа алдаад байна. Одоо л арга хэмжээ авахгүй бол сая, сая хүний амь нас хохирох аюул нүүрлэлээ. НҮБ-аас ядуу буурай орнуудыг дэмжих зорилгоор 2 тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийн ажлыг эхлүүлээд байна. Улс орнууд дангаараа энэ тэмцэлд ялалт байгуулахгүй. Улс орнууд өөр хоорондоо мэдлэг, туршлага, нөөцөө хуваалцаж эв найрамдалтай байх нь чухал байна" гэж мэдээллээ. 

 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д 24 цагийн хугацаанд халдварын тоо огцом өсч халдварын тоогоор БНХАУ болон Итали улсыг давсан байна. Испанийн нийслэл Мадрид хотод COVID-19 вирусийн дэгдэлт эрчимтэй өссөний улмаас тус хотын спорт цогцолборыг цогцос хадгалах байр болгожээ. БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа. Ухань хотод сүүлийн өдрүүдэд өвчлөл, нас баралт бүртгэгдээгүй байсан ч таван хүн нас барсан байна" гэв. 

 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрйн байдлаар 2216 иргэн тусгаарлах байранд байна. Орон нутгийн чиглэлд явж байгаа галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж зорчигчдийн халууныг үзэж, асуумж авч ажилласан. Иргэдийг тусгаарлах байрыг бэлэн болгон ажиллаж байна. Өчигдөр Онцгой комисыын хурлаар тодорхой шийдвэр гарч тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасан. Тусгай үүргийн онгоцонд явах эмч мэргэжилтнүүд болоод түргэвчилсэн оношлууруудыг бэлэн болгон ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн халууныг хоёр цаг тутамд шалгаж явна" гэлээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 96 зорчигчоос COVID-19 вирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцонд илрээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 71 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илэрсэнгүй. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг ээлж дараалан шинжилгээнд оруулж байна. Одоогоор Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байгаа. Үүргийн дөрвөн онгоцоор ирсэн хүмүүст шинжилгээ хийгээд дуусч байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 208 хүнд тусгаарлагдаад байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, хэвийн байна" гэлээ.

 

Эрүүл мэндийн яамнаас үйлчлүүлэгчид хоёр метрийн багагүй зайнд зогсох тэмдэглэгээг байгуулах, гар халдваргүйжүүлэгчийг байгууллага бүр байгуулах, үйлчилгээг цахимжуулах, бэлэн мөнгөтэй харилцахгүй байх зэрэг зөвлөмжийг гаргажээ. Энэхүү зөвлөмжийг "Интермед" эмнэлэг, "Хаанбанк", "KFC" хоолны газар уриалгыг дэмжин үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэнд талархал дэвшүүлэв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нөгөө 11 хүнээс эдгээрээд гарч байгаа хүн байна уу?
2020-03-27
Emch:
Udahgui edgene.