Цар тахлыг удахгүй дуусна гэж Нобелийн шагналтан таамаглажээ

Стэнфордын их сургуулийн биологийн профессор, химийн салбарын Нобелийн шагналтан Майкл Левитт COVID-19 цар тахлыг тун удахгүй дуусна гэж таамаглаж байгаа талаар Los Angeles Times мэдээллээ.
Эх сурвалжийн онцолсноор, өмнө нь Левитт Хятад дахь вирусийн халдварыг тойрсон нөхцөл байдал болон АНУ-д нүүрлэх түүхэн хямралыг урьдчилаан таамаглаж байжээ.
Майкл Левитт өнөөгийн цар тахал хэдэн сар, тэр бүү хэл жилээр үргэлжилж, олон сая хүн нас барна гэсэн таамаглалуудад огт итгэхгүй байгаа гэнэ.
Хоёрдугаар сарын эхээр тэрбээр тайлан бэлтгэж нийтлэж байсан бөгөөд энэ тайландаа Хятад дахь өвчний тархалт оргилдоо хүрч, долоо хоногийн дотор нас баралтын тоо буурна гэж таамаглаж байв. Түүнчлэн Хятадад COVID-19 вирусийн батлагдсан нийт тохиолдол эцсийн дүндээ 80 мянга болж, 3250 хүн нас барна гэж таамаглаж байжээ. Бодит байдал таамаглалтай тун ойртож очсон бөгөөд гуравдугаар сарын 27-ний байдлаар Хятадад 81 мянга гаруй бүртгэгдэж, 3292 хүн нас баржээ.
Үүнтэй адил нөхцөл байдал АНУ болон бусад улс орнуудад тохионо гэж Майкл Левитт үзэж байна. Хамгийн гол нь цочирдохгүй, хяналттай байх хэрэгтэй гэж эрдэмтэн өгүүлээд "бүх зүйл сайхан болно" хэмээжээ.
Хэдийгээр тахал судлаачид цар тахлыг жил, хэдэн сараар үргэлжилнэ, олон сая хүн нас барна гэж анхааруулж байгаа ч эрдэмтэн Майкл Левитт тийм аймшигтай дүр зураг үүсэхгүй, ялангуяа цар тахлыг тогтоон барих ухаалаг арга хэмжээ авч, нийгмийн тусгаарлалтыг хэрэгжүүлж байгаа орнуудад нөхцөл байдал хяналтанд орж, сайнаар эргэнэ гэж үзэж байна.
Тэрбээр 78 оронд үүссэн нөхцөл байдлыг судалж байгаа бөгөөд "цар тахал буурах шинж тэмдэг ажиглагдсан" гэж үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ