COVID-19: ХӨЛ ХОРИО ба ШИЙТГЭЛ
3-30

Дэлхий даяар COVID-19 дэгдсэнтэй холбоотойгоор дэлхий хөл хорионд орж, улс орнууд хязгаарлалтын арга хэмжээг чангатган, үүнийг зөрчвөл торгууль , шийтгэл ноогдуулж байна. 

 

Итали 

Өдгөө нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Итали улсад гуравдугаар сарын 11-нээс эхлэн 60 сая хүн хөл хорионд амьдарч байгаа бөгөөд энэ хөл хориог зөрчвөл ноогдуулах торгуулийг өнгөрсөн долоо хоногт эрс нэмсэн байна. 

 

Европ тивд чухамхүү Итали улс халдвар болон нас баралтын тоогоор хамгийн өндөр байгаа ч хатуу дэг журмыг эсэргүүцэгчид өнөө хэр нь байсан тул ийнхүү эрх баригчид "ширүүн гараар үзэх"-ээр шийджээ. Гэрийн хөл хориог зөрчсөн 110 мянга гаруй хүн хэдийнэ баривчлагдан саатуулагджээ. 

 

Зарим улс оронд хорих газруудад өвчин тархахаас болгоомжлон хоригдлуудыг суллаж байгаа бол Италид эсрэгээр, гэртээ амгалан байчихаж чадахгүй байгаа хүмүүсийг шоронд хорино хэмээн сүрдүүлж байгаа юм.

 

Энэ сарын эхээр л Италийн эрх баригчид үхлийн аюулт вирусийн тархалттай холбоотой нөхцөл байдлыг ухамсарлахын дээр иргэдийнхээ ухамсарт найдан бүх зүйлийг хэвэнд нь орхисонгүй. Улс даяар хөл хорионд оруулаад, зөрчсөн хүмүүсийг 206 еврогийн торгууль ноогдуулахаар болсон байна. 

 

Гэвч зөвхөн эмийн сан, хүнсний дэлгүүр рүү тодорхой хуваарийн дагуу гарах журмыг зөрчвөл торгууль ноогдуулахаар болсон ч хүн бүр энэ шийтгэлээс эмээсэнгүй. Гуравдугаар сарын сүүээр гэхэд л хөл хорионы журам зөрчсөн 110 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр эрх баригчид торгуулийг 3000 евро буюу монгол мөнгөөр 8.7 сая төгрөгтэй дүйх мөнгөн торгууль ноогдуулахаар болсон байна. 

 

Зөвхөн мөнгөн торгуулиас гадна бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчил гаргасан бол хорих ял оноох аж. Тухайлбал, Италийн нэгэн иргэн COVID-19 вирусийн халдвар авсан ч  хөл хорионы үед хамрын мэс засалд орсон бөгөөд өөрт нь мэс засал хийсэн эмч, сувилагчдад халдвар тараасныхаа төлөө 12 жилийн хорих ял авчээ.

 

Швейцар

 

Саяхныг хүртэл Швейцарын оршин суугчид зөвхөн дэлгүүр, эмийн сан төдийгүй гэрийнхээ ойролцоо зугаалах эрхтэй байв. Гэвч байдал эвгүйтсэнээр тэдний энэ эрх чөлөө хумигджээ.

 

Одоо энэ улсын оршин суугчид зугаалж, алхдаг талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зугаалахыг хориглосон сануулга хаа сайгүй наажээ. Энэ хоригийг зөрчвөл 135 еврогоор торгуулах бөгөөд давтан зөрчил гаргавал 1500 евро  буюу монгол мөнгөөр 4.3 сая төгрөгтэй дүйх мөнгөн торгууль ноогдуулах аж.

 

Түүгээр ч зогсохгүй, ойрын сард гэрээсээ журам зөрчин удаа дараа гарвал хагас жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

 

Европын бусад орнууд 

 

Европын бусад орнууд ч дээрх замаар явж байна. Вирусээс үүдэлтэй нас баралт Италитай адил түвшинд байгаа Испани улс сүүлийн өдрүүдэд хөл хорионы журам зөрчсөн 900 иргэнийг хорьж, олон мянган хүнийг торгосон байна. 

 

Сербэд ч мөн хэнэггүйчүүдийг шоронд хорино хэмээн сануулж байна. Испаний алдарт хөл бөмбөгийн клуб болох "Реал"-ын довтлогч Луке Жокович төрсөн нутаг Сербийн Белград хотод хөл хорионы журам зөрчин найз бүсгүйтэйгээ хотоор зугаалж байгаа зураг олон нийтин сүлжээнд тавигджээ. Үүний улмаас түүнийг хөл хорио зөрчсөн гэж үзэн хорих ялаар шийтгэж болзошгүй гэнэ. Харин энэ зургийг Мадридад авсан гэж хөл бөмбөгчний аав өгүүлсэн ч Луке Белградад найз бүсгүйнхээ төрсөн өдөрт оролцохор нисч ирсэн ч хоёр долоо хоногийн тусгаарлалтын журмыг баримтлаагүй гэдэг нь тогтоогджээ.

 

Сербэд хилийн чанадаас эргэн ирсэн ч өөрийгөө тусгаарлах шаардлагыг биелүүлэхгүй байгаа бүхий л иргэдийг грван хотод байх хөл хорионы тусгаарлалтын байрууд руу албадан хүргэж байгаа гэнэ. Энэ байрнаас оргох гэж оролдвол нэгээс найман жилийн хорих ял оноох бол ийнхүү оргосноос болж хүн халдвар аван, амиа алдсан бол 12 жил шоронд суух болох аж. 

 

Хөл хорио тогтоосон ч хайхрамжгүй байдал газар авсаар байгаа тул Франц улс ч торгох, хорих арга хэмжээ авахаас аргагүй болжээ.  Одоо хөл хорио зөрчсөн этгээдийг 135 еврогоор торгох бол халдвар авсан хүмүүс олон нийтийн газарт явбал "бусдын амь насанд заналхийлсэн" гэсэн зүйл ангиар шоронд нэг жил хорих болон 15 мянган еврогоор (43,7 сая төгрөг) торгохоор болсон байна.  

 

Австрид хууль журам зөрчсөн хүмүүсийг 3600 евро (10.5 сая төгрөг), Норвегид 1800 евро (5.2 сая төгрөг) торгууль буюу 15 хоног баривчлах аж. 

 

Халдвар бүртгэгдсэн орон бүр л хөл хорионы журам зөрчвөл их бага хэмжээгээр торгууль, шийтгэл ноогдуулахаар болсон бол хамгийн хатуу шийтгэлүүдийн нэгд тооцогдох шийтгэлийг Арабын Нэгдсэн Эмират Улсад авч байна. Энэ улсад 14 хоногийн зайлшгүй хөл хориог зөрчсөн этгээдийг таван жил хорих ял, 13 мянгаас 27 мянган ам.доллар (34 сая төгрөг-70.7 сая төгрөг)-ын торгууль ноогдуулахаар болжээ. 

 


Мөн Австралид ч их хэмжээний торгууль ноогдуулж байгаа бөгөөд мужууд өөр өөрсдийн журмын дагуу 7730-30000 ам.долларын торгууль ноогдуулж байгаа гэнэ.

 

Хятадын араас нөхцөл байдал нэн хүндэрч байсан Өмнөд Солонгост дэг журмыг сахиулахын тулд технологийн дэвшлийг ашиглаж байна. Өөрийгөө тусгаарлах ёстой хэн бүрийг байршил тогтоох тусгай апликейшн татаж авахыг үүрэгдсэн байна. Гэсэн ч журам зөрчигсөд гарсаар байгаа тул 10 сая вон эсвэл жилийн хугацаанд шоронд хорих ял гэсэн шийтгэл оноохыг анхааруулжээ. 

 

Сүүлийн өдрүүдэд өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа хойд хөрш Орос улс ч мөн чанга шийтгэл ноогдуулна хэмээн мэдэгдэж байна.Маргааш буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Төрийн дум Эрүүгийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх бөгөөд энэ нэмэлтээр хөл хорио зөрчин, бусдад халдвар тараасан хүмүүсийг 500 мянгаас нэг сая рубль буюу монгол мөнгөөр 16.6 саяас 33.2 сая төгрөгтэй дүйх хэмжээний торгууль ноогдуулах аж. 

 

Мөн энэ тохиолдолд гурваас дээш жилээр хорих ял ноогдуулах шийтгэл тусгасан байна. Түүнчлэн хөл хорио зөрчиж, бусдад халдвар тараасны улмаас хүний амь нас эрсэдсэн бол буруутай этгээдийг хор сая рублиэр торгох эсвэл тав хүртэлх жилийн ял оноох гэнэ. Харин журам зөрчсөний улмаас хоёр болон түүнээс дээш хүний амь насанд аюул учруулсан бол долоо хүртэлх жилээр хорих ял ноогдуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хамгийн чухал нь ард иргэдээ гэрээсээ гарахгүй байлгая гэвэл хоол хүнс ойр зуурын хэрэглээ нь бас мөнгө нь байвал хүн тэр бүр гараад хууль дүрэм зөрчөөд байхгүй л байх өлсөөд мөнгөгүй болоод ирвэл хичнээн хориглосон ч өлсөж үхэхгүйн тулд зөрчиж гарах гэж зүтгэнэ
2020-03-30